Бурхан багшийн шүтээн эрдэнүүдийг Монголд зална
Чихэнд чимэгтэй
2024-05-17
Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейд "Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэнг тавдугаар сарын 17-нд нээлээ. Ирэх сарын 2-ныг хүртэл гарах энэ үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт буй Бурхан багшийн шүд буюу цахиур эрдэнээс гадна Өмнөд Солонгос дахь Мьянмарын соёлын төвд буй Бурхан багшийн хуруу, үс эрдэнэ, таван өнгөт ринсрэл зэргийг олон нийтэд үзүүлнэ. Дэлхийд нэн ховор эдгээр шүтээнийг Богд хааны ордон музей, Самьяа хийд, олон улсын буддистуудын "Dharma king" төв хамтран Монголд авчирч энэ сарын 20-24-ний өдрүүдэд үнэ төлбөргүйгээр олны хүртээл болгох ажээ. Мөн Өндөр гэгээний бүтээлүүд болон түүний дэг сургуулийнхны хийсэн цутгуур, хөөмөл, зээгт наамлын олон арван бүтээлийг дэлгэнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн өдөр Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ой, Олон улсын музейн өдөр давхцаж байна. Сонирхуулахад, ринсрэл гэдэг нь Буддын шашны номд нэвтэрсэн эрдэмт лам нарын шарилыг чандарлахад гарсан үнсийг зуурч нандин шүтээн болгон үйлдсэн зүйлийг хэлдэг. 2500 жилийн өмнө үйлдсэн энэ шүтээний учир, Өмнөд Солонгост хэрхэн очсон талаар Самьяа хийдийн хамба лам Д.Батболд ийн ярьж байна.
"Одоогоос 2568 жилийн өмнө Бурхан багш хэмээн бидний хэлдэг Шагжамүнийн бие лагшин хорвоод мэндэлжээ. Бурхан багшийн мэндэлсэн, Бурханы хутгийг олсон, нирваан болсон гурван их өдрийг 1999 оноос эхлэн НҮБ-аас дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэх шийдвэрийг гаргасан байна. Улмаар монголчууд зуны тэргүүн сарын шинийн 15-ны их дүйчин өдрийг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн юм. Бурхан багш 81 насандаа лагшин биеийг хурааж нирваан дүрийг таалсан гэж үздэг учир энэ өдрийг онцгойлон авч үздэг. Түүнийг шавь нар нь чандарлаж хайлуулахад биеийн эд эрхтнүүдээс бүрэн шаталгүй үлдсэн нь эрдэнийн ринсрэлүүд болж хувирсан түүхтэй. Бурхан багшаас гарсан эрдэнэ дэлхий дээр байдаг олон зүйлийн эрдэнээс хамгийн дээд нь юм. Тэр цагаас хойш Бурхан багшийн ринсрэлийг зална гэдэг нь Бурхан багш өөрөө морилон ирж байгаатай дүйцэх үйл гэж Бурханы шашинтнууд үздэг болжээ. Бурхан багшийг өөд болсны дараа найман өөр улсын найман хаан ринсрэлийг нь хувааж аваад 10 газар суварга босгон байршуулжээ. Улмаар хоёр эрхэм шавь нь ирээдүйд учрах аюул занал, сүйтгэлээс сэргийлэн нэгэн орны хаантай зөвлөлдөөд найман оронд буй ринсрэлүүдийг буцаан нэгтгэж тухайн үеийн Бирм улсын хил орчимд бунхан суварга байгуулаад, шороогоор хучиж хиймэл уул болгон нууцалжээ. Түүнээс хойш 500 гаруй жил тэр бунхан хаана байгаа нь мэдэгдэлгүй домог болж үлдсэн байна. Сүүлд 1912 оны газар хөдлөлтөөр хиймэл уул нурж, Бурхан багшийн суварга гарч ирснийг археологичид нээн шинжилсэн байдаг. Энэ явдлаас хойш үлэмж их хэмжээний ринсрэл одоогийн Мьянмар улсад үлдэж тэнд олон суварга шүтээн босгосон түүхтэй. Өдгөө Мьянмараас Өмнөд Солонгост суугаа Элчин сайдаар ажилладаг солонгос лам шүтээн залахтай зэрэгцэн дөрвөн өдөр Монголд уригдан ирж байгаа юм. Мьянмарын Засгийн газар сүм хийдүүдтэйгээ ойр дотно ажилладаг учраас Солонгос-Мьянмарын найрамдлын нийгэмлэгийг байгуулан, Буддагийн олон улсын музейг байгуулсан байдаг. Өдгөө тус музейд Бурхан багшийн лагшинтай холбоотой 500 гаруй зүйл хадгалагдаж буй. Энэ дундаас Бурхан багшийн хуруу эрдэнэ дэлхийн хоёр улсад байгаагийн нэг нь Хятадын нэгэн сүмд хадгалагдаж байсан. 2005 онд Хятадаас уг хуруу эрдэнийг Өмнөд Солонгост залахад 40 хоногийн турш Солонгосын сая сая хүн хүндэтгэл үзүүлж, мөргөл үйлдсэн байдаг. Тэгвэл энэхүү эрдэнэ Монголд дөрөв хоногийн хугацаатай залраад буцах гэж байгааг нь онцлох нь зүйтэй. Харин бусад эрдэнүүдийг Монгол улсад бэлэглэж байгаа юм".
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.