images

RNN: Түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу эмэгтэй дайчдын нэгээр Мандухай хатныг нэрлэжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-28


   Баруун Африкийн Нигери улсын “Read Nigeria Network” цахим сонин түүхэнд нэрээ мөнхөлсөн арван шилдэг эмэгтэй дайчдыг нэрлэжээ. Тус сонин нь анх боловсрол олгох мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор байгуулагдсан аливаа улс төрийн нам, байгууллага, угсаатны бүлгээс хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Ингээд сарын 700 мянган уншигчтай энэ сонины "Top Lists" буланд эрт үед эцгийн эрхт ёс ноёлж байсан ч түүхэнд бичигдсэн гавьяатай удирдагч, дайчин эмэгтэйчүүд олон байснаас арвыг нь онцлов. Энд Мандухай хатны тухай “Чингис хааны эмэгтэй хувилбар, үнэнхүү дайчин хатан” хэмээн бичжээ. Мандухай 1449 онд Зүүн Монголд төрж 18 насандаа Мандуул хаантай гэрлэжээ. Мандуул хаан 1473-1479 онд Монголын эзэнт гүрнийг удирдаж байсан бөгөөд түүнийг нас барсны дараа Мандухай хатан алтан ургийн сүүлчийн хүү долоон настай Батмөнхийг хаан ширээнд суулгасан юм. Монгол улсын бутралын үед Батмөнхийн хамт улсыг удирдаж, 19 настайд нь гэрлэсэн билээ. Тэрээр Баруун Монголтой байлдаж байхдаа дайны талбарт ихэр хөвгүүд төрүүлсэн юм. Ийм учраас түүнийг зоригт дайчин хатан гэсэн бөгөөд монгол элчийг хөнөөсөн Мин гүрэнтэй харилцаа тааруу, монголчууд хагаран бутарсан үед улсыг удирдаж байсан тул бүх цаг үеийн дайчин эмэгтэйгээр нэрлэсэн байна. Мөн арван дайчин эмэгтэйн нэгээр Хятадын Шан гүрний хатан Фү Хао, буюу Вү Дин хааны 60 эхнэрийн нэгийг нэрлэв. Тэрээр 13 мянган цэрэг удирдсан Хятадын анхны эмэгтэй жанжин, хөрш орнуудтайгаа хийсэн дайн тулаанд манлайлсан нэгэн байжээ. Түүний булшийг 1976 онд олоход хэрэглэж байсан зэвсэг нь олдсон аж. Мөн түүний дараа одоогийн Ангола буюу 17 дугаар зууны Баруун өмнөд Африкийн хаант улсын хатан байсан Зинга Мбанди Нголаг нэрлэв. Ндонго улсын хаан Килуанжигийн охин тэрээр 1617 онд төрсөн ах, Нгола хааны өмнөөс Португал улстай энхийн гэрээ хийхээр явсан юм. Түүнээс дөрвөн жилийн дараа 1621 онд энхийн гэрээ байгуулж, өөрөө Христийн шашинд орохоос өөр аргагүй болсон түүхтэй. Улмаар Анна де Соуса гэдэг христ нэртэй болсон юм. Харин 1626 онд ах нь нас барснаар Ндонго улсын хатан хаан болж, улмаар Португал улс энхийн гэрээгээ зөрчсөнөөс Матамба улс руу дүрвэж тэр улсын эзэн болжээ. Ингээд Голландын цэргүүдтэй хамтран Португал улстай байлдаж, 1644 онд ялалт байгуулсан ч хаант улсынхаа газар нутгийг бүрэн буцааж авч чадаагүй аж. Хоёр улсын урт хугацааны дайн 1657 онд дуусаж, Зинга Мбанди 1663 онд 81 насандаа өөд болов. Тэр бол Анголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон хатан юм. Мөн одоогийн Суданы нутагт оршиж байсан Кушийн хаант улсын өрөөсөн нүдэт хатан гэдгээрээ алдартай Аманиренаг нэрлэжээ. Тэр хөрш зэргэлдээх Египетээс ч жижиг улсын хатан боловч Ромын эзэнт гүрэнтэй байлдсан түүхтэй. Эр нөхрөө нас эцэслэснээс хойш хүүтэйгээ хамт таван жилийн турш ромчуудтай дайтсан тэр эцэст нь энхийн гэрээ байгуулжээ. Улмаар одоогийн Гана улсын нутаг дэвсгэрт оршиж байсан Ашанти эзэнт гүрний хатан Яаа Асантеваг нэрлэсэн байна. Тэрээр Их Британийн эсрэг "Алтан суудлын дайн" хийсэн юм. Түүний дараа Энэтхэгийн дайчин хатан Лакшми Бай оров. Тэрээр 1828 онд төрсөн бөгөөд дөрвөн настайдаа эхийгээ алдсан охин илд, морь, харвааны урлагаар хичээллэж, бие даасан эмэгтэй болж өсжээ. Улмаар 1842 онд эртний түүхт Жанси хотын Махаражатай гэрлэж хатан болсон юм. Гэвч 1853 онд британичууд Энэтхэгийн бүх вант улсуудыг хяналтандаа байлгахыг хичээж байх үед бэлэвсэрчээ. Төрүүлсэн хүүгүй тэр өргөмөл хүү Дамодар Раог хаан ширээнд залахад Их Британийн тал хууль ёсны өв залгамжлагч биш гэж үгүйсгэсэн байна. Хэдий тийм ч 1857 онд Британийн эсрэг Энэтхэгийн бослого эхэлсэн үед ч Лакшми хатан дайнгүй, амар амгалан оршин тогтнохыг эрмэлзэж байжээ. Гэвч тэр дайны хөлд үрэгдсэн түүхтэй. Мөн Кариагийн Артемисиа хатныг нэрлэсэн бөгөөд тэрээр МЭӨ 6-р зууны үед амьдарч байсан юм. Тэр Персийн тэнгисийн цэргийн анхны эмэгтэй командлагч болж Гректэй тулалдсан түүхтэй. Түүнээс гадна Арабын хатан Мавияг нэрлэжээ. Тэрээр араб омгуудыг нэгтгэсэн Сараценсийн хаан Аль-Хаваритай гэрлэж, эр нөхрөө нас барсны дараа хатан хаан болж Ромын эзэнт гүрэнтэй байлдсан юм. Ингээд Мосси хаант улсын хатан болон Спартагийн Архидамиа хатан буюу V Архидамусын ээжийг бүх цаг үеийн агуу дайчин хатан хэмээжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.