images

Дээрхийн гэгээн Далай лам шинэ ерөнхий сайд Г.Занданшатарт баярын захидал илгээжээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2025-06-14


   XIV Далай лам Данзанжамц Монгол улсын ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатарт баяр хүргэн захидал илгээжээ. Өчигдөр буюу баасан гарагт бичсэн захидалдаа Далай лам “Би 1979 онд танай улсад анх удаа айлчилж байжээ. Анхны болон дараа нь хийсэн удаа дараагийн айлчлалуудаа миний бие халуун дотноор дурсаж явдаг юм. Монголчууд залуу, хөгшин ялгаагүй, хүн ёсны үнэт зүйлсийг сурталчлах, мөн уламжлалт Буддын шашны мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулах хэрэгцээнд онцгой анхаарч, урам зоригтой хандаж байгаад би маш их баяртай байна” гэжээ. Тэрбээр монголчууд болон төвөдүүд ах дүүгийн түүхэн уламжлалт харилцаатай явж ирснийг цохон тэмдэглээд III Далай лам Содномжамцын үеэс өнөөг хүртэлх Далай ламын бүх дүр Монголын ард түмэнтэй онцгой дотно харилцаатай байсныг дурдсан байна. “Монголд өөр өөр шашин зэрэгцэн оршдог боловч монголчуудын үндэстний өвөрмөц чанар, соёл, оюун санааны үнэт зүйл бүрэлдэн тогтоход Буддын шашин ихээхэн үүрэг гүйцэтгэж ирснийг би айлчлалуудынхаа үеэр анзааран харж байлаа” хэмээн тэрбээр өгүүлээд “Буддын сургаал нь энэрэн нигүүлсэхүй, аливаа хүчирхийллээс зайлсхийх зэрэг хүний үндсэн үнэт зүйлсийг чухалчилдаг учраас ямар ч итгэл үнэмшилтэй зөрчилдөхгүйгээр хүн бүрийн амьдралд ашиг тустай байж чадах юм. Та болон танай Засгийн газар эдгээр үнэт зүйлийг үргэлжлүүлэн хадгалж дэмжинэ гэдэгт би итгэж байна” гэжээ. Захидлын төгсгөлд Далай лам, амаргүй сорилтууд тулгарч буй энэ цаг үед Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, хүсэл тэмүүллийг нь биелүүлэх үйлсдээ өндөр амжилт олохыг шинэ ерөнхий сайдад хүсэн ерөөсөн байна.

   Г.Занданшатар нь нэлээд шүтлэгтэй бөгөөд Буддын гүн ухаан, чойрын ном сонирхон судалдаг. Мөн Бурханы сургаалыг олон нийтэд таниулан дэлгэрүүлэх зорилготой “Жавзандамба хутагт” төвийн гишүүн байв. Тэрбээр төрийн өндөр албан тушаал хашиж байх болон бусад үедээ XIV Далай лам Данзанжамцтай нэг бус удаа уулзан золгож байжээ.   

Гэрэл зургийн эх сурвалж: duuren.life сайтын архив.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.