БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ганц охин анх удаа төрийн ёслолд оролцов
Анд нөхдийн мэдээ
2025-06-12
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ганц охин Мин Зе анх удаа олны өмнө гарч ирсэн тухай Тайванийн төв мэдээллийн агентлаг (CNA) мэдээлэв. Өнгөрсөн 2-4-ний өдрүүдэд Хятадад айлчилсан Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой аавыгаа уулзах үеэр охин нь байлцжээ. Тэд Бээжингийн АИХ-ын танхимд биш, харин Хятадын одоогийн болон хуучин дээд удирдагчдын албан ёсны өргөө байрладаг Жүннанхай ордонд уулзжээ. Беларусийн төрийн мэдлийн “BelTA” агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин А.Лукашенкод хандан “Миний ажлын өрөө яг хажууд байдаг. Харин энд би өндөр дээд зочныг анх удаа угтан авч байна” гэжээ. Улмаар яриандаа "Дотнын найз, онцгой харилцаатай" гэх зэрэг үгсийг хэрэглэн "Би танд хувиараа зоог барьж байна. Миний охин гадаадын удирдагчтай анх удаа оройн зоогт оролцож байгаа нь энэ юм” хэмээн хэлж байсан гэнэ. Хоёр цаг хагас үргэлжилсэн уулзалтын дараа А.Лукашенко хэвлэлд өгсөн ярилцлагадаа, энэ бол албан уулзалт биш хувийн зоог гэдгийг онцолжээ. 1992 оны зургаадугаар сарын 25-нд төрсөн Мин Зе өмнө нь олон нийтийн өмнө огт гарч байгаагүй, иймэрхүү арга хэмжээнд оролцож байсан удаагүй юм. Тэрбээр 2010-аад оны эхээр аавыгаа улсын дэд тэргүүн байхад Харвардын их сургуульд өөр нэрээр суралцаж байсан бөгөөд 2014 онд сургуулиа төгсөөд Хятадад буцаж иржээ. “Цэвэр ариун, нийгэмд тустай хүн болох” гэсэн утгатай түүний нэрийг өвөө нь өгсөн гэдэг .
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.