Найм дахь үеийн цуурч Б.Наранбат Шилдэг өвлөн уламжлагч боллоо
Чихэнд чимэгтэй
2025-06-13
Монголын соёлын биет бус өвийн 2024 оны Шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын харьяат, найм дахь үеийн цуурч Б.Наранбатыг тодруулжээ. Түүнийг өнөөдөр Соёл, спорт, залуучуудын яаманд гэр бүлийнх нь хамтаар хүлээн авч, салбарын сайдын батламжилсан хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өгсөн байна. Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан байдаг. Тус журмын 3.3-д зааснаар "Шалгарсан өвлөн уламжлагчид хүндэт өргөмжлөл, 30 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно" хэмээн заажээ. Үүний дагуу салбар яамнаас жил бүр цор ганц өвлөн уламжлагчийг шалгаруулдаг уламжлал тогтсон билээ.
Цуур хөгжим манай улсаас ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн байдаг. Б.Наранбат уг өвийн жагсаалтад бүртгүүлэх багийн гишүүнээр, 2014-2016 оны хооронд “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт тус тус ажилласан бөгөөд цуур хөгжмөөрөө АНУ, Франц, Хятад, Тува улсуудад аялан тоглосон төдийгүй 2003-2024 оны хооронд 2000 гаруй цуур хөгжим урлаж, тоглох уламжлалыг нь 200 гаруй хүнд өвлүүлжээ. Мөн тэрбээр “Цуурын эгшиг" баримтат кино, “Уул усны цуурай” аудио CD, “Шүүдрийн дусал” теле нэвтрүүлэг бэлтгэхэд оролцож ажилласнаас гадна “Melodies de flute dun berger Mongol” ном, “Монгол цуур” гарын авлагыг бүтээж, “Монгол цуур 1” судалгааны бүтээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёл урлагийн их сургуультай хамтран хэвлүүлсэн юм. Тэрбээр 1984 онд Ховд аймгийн Дуут сумын хоёрдугаар багийн нутаг Асгат гэдэг газар Н.Буяндэлгэрийн зургаан хүүхдийн хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Түүний өвөө Паарайн Наранцогт Монгол улсын нэрт цуурч, өвлөн уламжлагч байв. Б.Наранбат зургаан настайгаасаа эхлэн өвөө болон ааваасаа цуур хөгжмийг гэрийн уламжлалаар сурч, эдүгээ энэ хөгжмөө 35 жил өвлөн уламжлуулж, түгээн дэлгэрүүлж явна.
Гэрэл зураг дээр. Цуурч Б.Наранбат аав Н.Буяндэлгэрийн хамт.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.