images

"Дорсетийн Индиана Жонс” гэгддэг судлаач Жон Блэшфорд-Снелл 86 насандаа Монголд дахин иржээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-25


   Амьдралынхаа 60 жилийг дэлхийг тойрон шинжлэх ухааны судалгаа хийх, зэрлэг амьтан, байгалийг хамгаалахад зарцуулсан “Дорсетийн Индиана Жонс” хочит Их Британийн судлаач Жон Блэшфорд-Снелл 86 насандаа Монголд дахин иржээ. Тэрбээр энэ сарын 22-нд 87 нас хүрсэн бөгөөд өнгөрөгч зургадугаар сарын эцсээр Монголд ирж гурван долоо хоногийн турш Хан Хэнтийн уулсаар явж судалгаа хийсэн байна. Ж.Блэшфорд-Снелл зургаадугаар сарын 28-нд Монголд ирж Их Британийн Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Чарльз хааны төрсөн өдрийн цэнгүүнд орчхоод долоодугаар сарын 3-нд Хустайн нуруунд очжээ. Өмнө нь Монголд таван удаа ирсэн тэрбээр энэ удаа Хустайн нуруунд очиж зэрлэг тахь судлах, МУИС-ийн экологи, археологи, амьтан, ургамал судлалын эрдэмтэдтэй хамтарч ажиллах, орон нутгийн сургуулиудад ном хандивлах, иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилготой иржээ. Улмаар Хустайн нуруунд очиж ажиллах хугацаандаа камераар 40 тахь, 75 тарвага, чоно, буга, хэдэн зүйлийн хэрэм, үнэг, үлийн цагаан оготно үзэж бүртгэсэн байна. Мөн тэр Монголын шувуу судлаачидтай хамт явж олон зүйлийн ховор шувуу үзжээ. Түүнтэй хамт явсан Шар тэргүүтэй МУИС-ийн ургамал судлаачид эмийн ургамлын дээж цуглуулсан бол хоёр улсын археологичид хүрлийн үеийн буган хөшөөг судалсан байна. Тэдний судалгааны багийнхан Балдан Бэрээвэн хийдийн тэнд буудаллан судалгаа хийсэн бөгөөд авчирсан номоо Өмнөдэлгэр сумын сургуулийн багачуулд бэлэглэсэн аж. Мөн судалгааны явцад экспедицийнхэн Биндэр сум орж Биндэрийн овооны тэнд буудалласан тухай Ж.Блэшфорд-Снелл өдрийн тэмдэглэлдээ тэмдэглэн үлдээжээ. Түүний удирдсан экспедиц долоодугаар сарын 16-нд Улаанбаатарт буцаж ирсэн бөгөөд тэд улсын наадмын үеэр Хэнтий аймгийн Батширээт сумын наадмыг үзсэн гэнэ.

   2019 онд Их Британийн эзэн хааны армийн хурандаа цол хүртсэн тэрбээр анх манай улсад 1992 онд Амарсанаагийн экспедицийг удирдан иржээ. Түүнээс хойш 19 жилийн дараа дахин Монголд ирж говиор явж судалгаа хийсэн байна. Улмаар 2013, 2016, 2018 онд ирж Алтайн уулс болон Баатархайрхан ууланд судалгаа хийсэн аж. Харин энэ удаа Чингис хааны нутаг Хэнтий аймгаар МУИС-ийн ургамал, амьтан судлаач, археологич эрдэмтэдтэй хамт судалгаа хийв. Ж.Блэшфорд-Снелл ийн судалгааны ажлаар явахдаа тухайн очсон нутгийнхаа иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлдэг нэгэн юм. Тэрбээр манайд сайн дурын 26 эмнэлгийн мэргэжилтэнтэй ирж, шүдний болон ерөнхий эмч, сувилагч нар Хэнтийн иргэдэд тусалсан байна. Дөрвөн жилийн өмнөөс төлөвлөн бэлтгэсэн уг судалгааныхаа талаар Ж.Блэшфорд-Снелл "Daily Mail" сонинд “Энэ бидний эртнээс төлөвлөсөн экспедиц байсан боловч цар тахал, Орос, Украины хямралаас үүдэн хойшилсон юм. Эцэст нь бид зургаадугаар сард гурван долоо хоногийн хугацаанд Монголд очиж МУИС-ийн судлаачидтай маш ойр хамтран ажиллалаа” хэмээн ярьсан байна. Улмаар “Энэ удаа биологи, амьтан, ургамал судлаач, археологичдоос бүрдсэн шинжлэх ухааны холимог экспедиц бүрдсэн. Бид судалгаа хийхээс гадна орон нутгийн иргэдэд яаж туслах вэ гэж боддог учраас шүдний эмч, эмч, сувилагчидтай хамт явж монголчуудад эмнэлгийн тусламж үзүүллээ” гэжээ. Түүний хувьд 100 гаруй удаа судалгааны экспедиц бүрдүүлэн олон оронд очихдоо үргэлж энэ мэт тусламжийн багтай явсаар ирсэн. Тиймээс ч дэлхийд алдартай, хамгийн их хүний хүндлэлийг хүлээсэн судлаач болжээ. Тэрбээр судалгаа хийхийн хамт тухайн орон нутгийн иргэдэд туслах ажлыг 400 жилийн тэртээх алдарт аялагч Франц Дрэйкээс урам аван эхлүүлсэн гэнэ. Мөн судлаач зургаа дахь удаагаа манай улсад ирэхдээ анх удаа ач хүүтэйгээ нэг судалгааны багт багтсан байна. Ач хүүгээ адал явдалд дуртай нэгэн хэмээн ярьсан тэрбээр Монголд ирээд Оросын хуучин ачааны машинд гал тогоо, хүнс юмаа ачиж явснаа дурсжээ. Мөн машинтайгаа гүүрээр гарч байгаад машинаа эвдлэн зам мухардаж малчин залуугийн тусаар гол гаталсан тухайгаа аяллын тэмдэглэлдээ хүүрнэсэн байна. Мөн өвгөн судлаач хэдийнэ дараагийн аяллаа Өмнөд, Төв Америкийн аль нэгд очиж хийхээр төлөвлөжээ.

   Хурандаа Ж.Блэшфорд-Снелл нь 1936 онд төрсөн бөгөөд нас биед хүрээд Эзэн хааны цэргийн академид элсэн орж 1968 онд анх удаа Их британийн армийн судалгааны бүрэлдэхүүнд багтаж Этиопын хааны урилгаар тус улс руу явсан гэдэг. Түүнээс хойш судалгаа шинжилгээний ажилд татагдаж 1978-1980 оны хооронд 27 орны 400 залууг удирдан 16 улсад шинжлэх ухааны судалгаа, тусламжийн ажил хийжээ. Өвөө, аавынхаа адилаар үе дамжин цэргийн хүн болсон тэр 1992 он гэхэд 50 орны 10 мянган залууг судалгааны экспедицэд авч явсан байна. Иймд түүнийг 1993 онд Эзэн хааны газар зүйн нийгэмлэгээс Патрон медалиар шагнажээ. Мөн түүний цэргийн инженерийн харилцааны шинжлэх ухааны мэдлэг, түүхийн судалгааг нь Эзэн хааны инженерийн хүрээлэнгээс өндрөөр үнэлж алтан медаль шагнасан байна. Түүнчлэн Ж.Блэшфорд-Снелл нь Монгол, Болив, Колумбийн засгийн газраас шагнуулж байсан, Дурхэм, Бурнемаут их сургуулийн хүндэт доктор билээ. Тэрбээр одоо Их Британид Шинжлэх ухааны судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллахын хамт хүрээлэн буй орчны чиглэлээр суралцдаг оюутнуудад дадлага хийх судалгааны талбарыг нь олж өгдөг "Operation New World" хөтөлбөрийг үндэслэн хэрэгжүүлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.