Сөүлийн метронд байршуулсан Д.Нацагдоржийн шүлгийг хэн орчуулсан бэ?
Чихэнд чимэгтэй
2023-12-22
БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас тус хотын метроны буудлууд дээр дэлхийн олон үндэстний шүлэг, яруу найргийн дээжээс бичиж байршуулах төсөл хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд монгол яруу найргийн дээжээс танилцуулахаар болж, Сөүлд суугаа Монгол улсын Элчин сайдын яамтай зөвшилцөн Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг солонгос хэлээр орчуулж, монгол эхийн хамт байршуулсан байна. Шүлгийг Сөүлийн метроны дөрөвдүгээр шугамын, монголчуудын нэрлэдгээр “Монгол таун”-ы буудал буюу “Дундэмүн ёгса мүнхва гунгвон” буудал дээр байршуулжээ. Энэ нь монголчууд хамгийн их зорчдог буудал юм. Уг шүлгийг Сөүлийн их сургуулийн профессор, монгол судлаач эрдэмтэн Юү Вонъ Сү орчуулж, Сөүлийн Гадаад хэлний их сургуулийн зочин багш Д.Өлзийбат редакторласан байна. Дашрамд дурдахад профессор Юү Вонъ Сү бол “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”, “Тунгалаг Тамир” зэрэг монгол уран зохиолын сод бүтээлүүдийг солонгос хэлнээ хөрвүүлсэн эрдэмтэн юм. Түүний монгол судлалд оруулсан гавьяаг үнэлж 2021 онд “Алтан гадас” одонгоор шагнасан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.