Потанины мөсөн голыг цаашид Хүйтэний мөсөн гол гэж нэршинэ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

Потанины мөсөн голыг цаашид Хүйтэний мөсөн гол гэж нэршинэ


   Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах зарим газар зүйн нэрийг өөрчилж, хуучин монгол нэршлийг нь сэргээхийг дэмжлээ. Тодруулбал, газар усны нэрийг монгол хэлнээс өөрөөр буюу орос, казак, тува хэл дээр нэрлэж батлагдсан зөрчлийг арилгуулахаар болсон байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Шинжлэх ухааны академи, Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран 2023 онд хээрийн болон суурин судалгаа явуулахдаа монгол хэлнээс өөрөөр нэрлэгдэж, батлагдсан 319 газрын монгол оноосон нэрийг тогтоосон байна. Тухайлбал, Потанины мөсөн гол гэдгийг Хүйтэний мөсөн гол, Жолт уул гэдгийг Ёлт уул, Чихачёвын нуруу гэдгийг Сийлхэмийн нуруу гэж нэрлэдэг байжээ. Түүнчлэн албан ёсны болоогүй Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах Монгол Алтайн нурууны 47 уул, толгодын нэрийг хээрийн судалгаагаараа олж тогтоосон байна. Мөн 2021-2022 оны хооронд Сүхбаатар аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт хамаарах газар зүйн нэрийн тодруулж, мэдээллийн сан үүсгэжээ. Манай улсын Үндсэн хуулийн наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж хуульчилсан бөгөөд Монгол хэлний тухай хуулийн 6.1.7-д “Газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаяг”-ийг монгол хэлээр хөтлөн явуулна гэж заасан билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.