Завхан аймаг ЭЕШ-ын дүнгээр хоёр жилийн өмнөхөөс даруй 13 байраар ахижээ
Хөдөөгийн баясгалан
2025-06-27
Саяхан орон даяар болж өнгөрсөн Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дүнгээр зарим аймгийн дундаж үзүүлэлт эрс ахисан нь анхаарал татаж байна. Тухайлбал, Завхан аймаг энэ дүнгээрээ улсын хэмжээнд хоёр жилийн өмнөхөөс даруй 13 байраар ахижээ. Тус аймаг ЭЕШ-ын хэмжээст оноогоор 2021 онд улсад 20 дугаар байр буюу сүүл мушгиж байсан бол 2022 онд 18, 2023 онд мөн 20 дугаар байр эзэлж байв. Тэгвэл өнгөрсөн онд шууд 6 дугаар байранд орж ирсэн бол энэ жил энэ байраа бараг хадгалсан буюу 7 дугаар байранд орсон байна. Ялангуяа математик, физик, хими, биологи зэрэг байгалийн ухааны хичээлүүдээр Завханы хүүхдүүдийн үзүүлсэн амжилт сүүлийн хоёр жилд огцом нэмэгджээ. Тухайлбал, математикийн шалгалтын дүнгээр 2023 онд улсад 15 дугаарт орж байсан Завханы сурагчид өнгөрсөн онд шууд 6 дугаар байранд орж, энэ жил уг амжилтаа хэвээр хадгалсан байна. Эдгээр эерэг үзүүлэлт нь сүүлийн жилүүдэд боловсролын салбарыг дэмжсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, багш, сурагчдыг чадавхжуулах зөвлөх үйлчилгээнүүд авсны үр дүн хэмээн тус аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр тайлбарлажээ. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад Монголын түүхийн хичээлээр улсын хэмжээнд ердөө хоёр хүүхэд 800 оноо авсан бөгөөд нэг нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын II сургуулийн түүхийн багш Н.Ишинхоролын бэлтгэсэн 12б ангийн сурагч Д.Оюунсайхан байв. Мөн Улиастай сумын “Жавхлант” цогцолбор сургуулийн багш Р.Дэлгэрсайханы бэлтгэсэн 12а ангийн сурагч Б.Билгүүнзаяа Нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан байна. Аймгийн удирдлага энэ жилийн элсэлтийн шалгалтад амжилттай оролцож 800 оноо авсан хоёр сурагчийнхаа их сургуулийн эхний жилийн сургалтын төлбөрийг даахаар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.