Англи, Америк, Австрали цөмийн шумбагч онгоцны гэрээнийхээ тухай дэлгэрэнгүй мэдээлэв
Анд нөхдийн мэдээ
2023-03-14
Англи, Америк, Австралийн удирдагчид шинэ үеийн цөмийн шумбагч онгоц бүтээх төлөвлөгөөгөө танилцууллаа. Тус гурван улсын байгуулсан Аукусын гэрээгээр Австрали улс АНУ-аас нэн түрүүнд гурван цөмийн шумбагч онгоц хүлээн авахаар болжээ. Мөн талууд хамтран хамгийн сүүлийн үеийн технологи, реакторыг ашиглан Англид “Rolls-Royce” компаниар шинэ тээвэрлэгч хөлөг онгоцууд бүтээлгэх юм байна. Энэ гэрээний зорилго нь Энэтхэг-Номхон далайн бүс дэх Хятадын нөлөөг эсэргүүцэхэд чиглэж байгаа ажээ. Мөн уг гэрээний талаар Жо Байдэн ярихдаа, усан онгоцууд цөмийн зэвсэггүй байх бөгөөд Австралийн цөмийн зэвсэггүй орон байх амлалтыг зөрчихгүй гэдгийг онцолжээ. Түүнчлэн Австралийн эзэн хааны тэнгисийн цэргийнхэн шумбагч онгоцыг ашиглахад шаардлагатай ур чадваруудыг эзэмшихийн тулд энэ жилээс Англи, Америкийн шумбагч онгоцны баазуудад туршлага хуримтлуулах юм. Харин Австралийг 2030 оны эхээр Виржиниа ангиллын гурван шумбагч онгоц худалдаж авахаас өмнө Англи, Америк улсууд 2027 оноос цөөн тооны цөмийн шумбагчийг тус улсын тэнгисийн цэргийн баазад байрлуулахаар болжээ. Мөн гурван шумбагч дээрээ нэмж хоёрыг худалдаж авах боломж бий. Үүний дараагийн төлөвлөгөө нь “SSN-AUKUS” гэж нэрлэсэн Австрали, Английн тэнгисийн цэрэгт зориулсан цөмийн шумбагч онгоц шинээр бүтээх явдал юм. Энэ байлдааны хөлгийг Британийн загвараар, гурван улсын технологийг ашиглан Британи, Австралид бүтээх ажээ. Мөн АНУ Виржиниа ангиллын шумбагч онгоц бүтээхэд дараагийн хэдэн жилд 4.6 тэрбум доллар гаргах юм байна. Харин Австралийн ерөнхий сайд Энтони Албанез уг төлөвлөгөө мянга мянган шинэ ажлын байр бий болгохоос гадна тус улсын түүхэн дэх батлан хамгаалахын чадавхыг сайжруулах томоохон хөрөнгө оруулалт болохыг онцлов. Улмаар энэ үйл явдал нь сүүлийн 65 жилд анх удаа, түүхэнд ердөө хоёр дахь удаагаа улсууд хоорондоо цөмийн зэвсгийн технологио хуваалцаж буй тохиолдол ажээ. Харин уулзалтын үеэр Английн ерөнхий сайд Риши Сунак “Уг гэрээг зарласнаас хойш 18 сарын хугацаанд дэлхийн тогтвортой байдалд тулгарсан сорил улам нэмэгдлээ” гэв. Тэрбээр Орос, Украины зөрчил, Хятад, Умард Солонгос, Иран гэх мэт дэлхий нийтийн аюултай нөхцөл байдлыг дурдсан юм. Улмаар Америкт хийж буй уг айлчлалаараа дараагийн хоёр жилд батлан хамгаалахын зардлаа ойролцоогоор зургаан тэрбум доллароор нэмэгдүүлэхээ амлалаа.
Дээр дурдсанчлан энэ гэрээний зорилго нь Хятадын нөлөөг хумих боловч Австрали нь Хятадын худалдааны чухал түнш юм. Гэвч нэгэн зэрэг цэргийн салбарт АНУ-тай, арилжааны салбарт Бээжинтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэв. Улмаар тус улсын засгийн газраас Аукусын гэрээгээр ирэх гучин жилд Австрали 201 тэрбум хүртэл евро зарцуулахыг мэдэгдлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.