Уламжлалт анагаах ухааны эмч Ц.Тэмүүлэн: Миний хувьд судас барьж оношилсноо бодитоор баримтжуулах дуртай
”Анагаагч тун” уламжлалт эмнэлгийн эмч, анагаах ухааны магистр Ц.Тэмүүлэнтэй “Алтан тун” фестиваль болоод уламжлалт анагаах ухааны талаар ярилцлаа.
- Энэ аравдугаар сарын 10-нд уламжлалт анагаах ухааны “Алтан тун” фестиваль болох гэж байна. Та энэ арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
- Бид гурав дахь жилдээ “Алтан тун” фестивалийг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээгээр дамжуулан иргэдэд уламжлалт анагаах ухаан гэж юу юм бэ гэдгийг таниулахыг зорьдог. Хүмүүсийн дунд уламжлалт анагаах ухаан гэж юу байдаг юм бол, жижиг жижиг эмнэлгүүд байгаад байдаг, дээр үед хэрэглэж байсан юм билээ гэх мэт ойлголтууд бий. Харин энэ оны эхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан. Тэгэхээр бид фестивалийн үеэр уламжлалт анагаах ухаан орчин үед яаж, юу руу хөрвөж байгаа вэ, Монгол улсад хөгжих чиг хандлага нь ямар байгаа юм, олон улсад манай эмч нар хаана нь ажиллаад байгаа юм гэдэг ойлголтуудыг өгнө. Фестивальд уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа арав гаруй эмнэлэг оролцох юм. Эмнэлэг болгон өөрийн гэсэн шинэлэг эмчилгээ, оношилгоогоо тэнд танилцуулна. Мөн уламжлалт анагаах ухааны эмч нар туршлагаа хуваалцаж, шинэ үеийн эмч нарт зориулан өвчнийг ямар арга замаар оношилж, хэрхэн анагаадаг хийгээд урьдчилан сэргийлдэг талаар сургалт явуулах юм. Ийнхүү бид нэг өдрийг яг уламжлалт анагаах ухааныг иргэдэд таниулахад зориулна.
- Уламжлалт анагаах ухаан гэж юу вэ? Монголын уламжлалт анагаах ухаан Дорнын, Хятадын гэдгээс ялгарах онцлогтой юу?
- Ялгаа бий. Саяхан манай нэг эмч Герман, Швейцар яваад ирлээ. Музейд нь өвс ургамал нухдаг, хануур, төөнүүр хийдэг багаж хэрэгсэл байна гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд бас уламжлалт анагаах ухаан бий. Учир нь, хүн амьдарч л байсан бол ямар нэг өвчнөөр өвддөг, өвдсөнийг нь ямар нэг аргаар эмчилдэг байсан түүхтэй. Энийг жишээ авч ярьж байгаа шалтгаан бол газар бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь, тийшээ илүү дулаан бол манайх сэрүүн цаг ууртай шүү дээ. Тийм болохоор бидний амьдралын онцлогт тохирсон уламжлалт анагаах ухааны соёл байсан. Энийг эрт үеэс нь аваад үзвэл, Бурхны шашны их таван ухааны нэг тэжээхүйн ухаан юм. Тэгэхээр уламжлалт анагаах ухаан яалт ч үгүй Бурхны шашинтай холбогддог. Тэндээс салбарлаж байгаа юмыг л газар бүр өөр өөрийн онцлогт тааруулаад, баяжуулаад, хөгжүүлээд, гол сууриа болгоод авч явж байгаа. Дээр үеийн маарамбуудын бичсэн ном товхимол зөндөө байдаг. Тэр бол өв дамжиж ирсэн ухаан, соёлын өв юм. Монголд хамгийн анхны мамба дацан хийд 1600-аад онд Баянхонгор аймагт байгуулагдсан түүхтэй. Тэр үеэс уламжлалт анагаах ухааны шавь сургалт эхэлсэн байдаг.
Дорно дахины аюурвед болон Монгол, Өвөр Монголын уламжлалт анагаах ухаан бол нэг онолыг барьдаг. Хятад, Солонгосынх арай ондоо. Бидний барьдаг тэр онол бол хий, шар, бадган. Түүгээр хүний биеийн үндсэн шинжийг тогтоогоод, түүнээс салбарлаж байгаа ямар өвчин байна, аль эрхтэн дээр нь аль нь болохоо больчихов гэдгийг хөөж явдаг. Гэхдээ түүхийн талаар бүрэн гүйцэт судалгаа арвин биш байна. Хэдий тийм ч уламжлалт анагаах ухаан маш баялаг. Бидний үндсэн онолын гол ном болох “Анагаах ухааны дөрвөн үндэс” зохиолыг нээгээд уншихад л одоогийн судалгаануудаар батлагдаад байгаа юмс байж л байдаг.
-Таны эмчилгээ, оношилгооны онцлог юу вэ?
Би уламжлалт анагаах ухааны эмчээр 12 жил ажилласан. Миний хувьд судас барьж оношилсноо бодитоор баримтжуулах дуртай. Тэгэх юм бол хий хоосон юм ярьж байгаа юм шиг биш. Жишээ нь, би өвчтөнд цөсний бадган гэдэг онош тавилаа гэж бодъё. Энгийн хүн энийг сонсоод ойлгохгүй. Уламжлалтын эмч энийг судсаар нь бадганы цохилт өөрчлөгдөж байна уу, хэвэндээ байна уу гээд хянаад байж болно. Гэхдээ энийг давхар эхогоор харж болдог. Цөс өлөн үед хэвийндээ уртаараа 6-9 см, өргөнөөрөө 3-4 см байдаг юм. Тэр нь агшаад жижигрэхээрээ нэг см хүрэхтэй, үгүйтэй болдог. Гэтэл бадган давамгай болчихоор цөс тэгж агшиж чадахаа болино. Тэгэхээр цөсний агууламж хүүдийндээ ороод агшаад гарах ёстой байтал ямар ч агшилтгүй болсноор хүүдий дүүрэхээс бусад үед цөс ерөөсөө гадагшилдаггүй. Улмаар цөсний чулуу үүсэж, хана зузаарч, цөс ферментээ задалж чадахгүй болохоор биеийн өөх тос нэмэгдэж, даралт өндөр болдог гэсэн үг. Тэгэхээр энийг багажийн шинжилгээгээр баталж болдог. Би өөрөө давхар эхо сурсан юм. Хүний судсыг барьж үзээд, дараа нь давхар эхогоор харна. Эмчилгээ дууссаны дараа “Одоо таны эрхтэн ингэж ажилладаг болсон, бүтэц, үйл ажиллагаа нь тогтворжсон, та ийм дэглэм барина шүү” гээд хүнд ойлгомжтой мэдээлэл өгч, найдвартай хүргэх дуртай. Зарим эмч биш хүмүүс хүний итгэл үнэмшил дээр тулгуурлаж, айлгаж байгаад өндөр үнээр ямар ч хамаагүй тан зарчихсан байдаг. Тэр тан нь хүнд хортой юм уу, муудчихсан юмаар хийчихсэн юм уу гэдгийг мэдэх, араас нь хөөцөлдөх аргагүй. Тэгэхээр эмнэлэг, эмч гэдэг нэрийг зүүж байгаа бол бодитой, үнэн, зөв шалгуураар хүнийг эмчлэх ёстой гэсэн үзлийг би баримталдаг.
- “Алтан тун” фестивальд арав гаруй эмнэлэг оролцоно гэлээ. Монголд энэ чиглэлийн эмнэлэг хэр олон бэ?
- Энэ фестивальд “Тэжээхүй ухаан” төрийн бус байгууллагад бүртгэлтэй эмнэлгүүд оролцож байгаа. Ашгийн бус байгууллага учраас бид илүү цаг заваа зориулж, үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн энэ бол нээлттэй байгууллага учраас эмнэлгүүд гишүүнээр нэмэгдэж болно. Бид олуулаа болох тусмаа л сайн. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт бүртгэлтэй уламжлалт анагаах ухааны эмнэлэг маш олон бий.

2025 оны "Алтан тун" фестивалийн үеэр уламжлалт анагаах ухааны эмч Ц.Тэмүүлэн, "Оточ Манрамба" их сургуулийн ректор, хамба лам Д.Нацагдоржийн хамт.
- Таны хувьд “Алтан тун” фестивалийн үеэр иргэдэд ямар мэдээлэл хүргэхээр зорьж байгаа вэ?
- Би энэ фестиваль дээр “Бид өдөр тутамдаа хэрэгтэй хоол хүнсээ сонгож идэж чадаж байна уу?” гэдэг асуултын дагуу мэдээлэл хүргэнэ. Энэ ямар учиртай вэ гэхээр жишээ нь хоёулаа гадуур цуг яваад энгийн цайны газарт хоол идлээ гэж бодьё. Тэгвэл хоолны цэсэнд нь гуляш, бууз, хуушуур, будаатай хуурга, гурилтай шөл, цуйван байгаа. Тэндээс сонгоод иднэ. Үнэтэй ресторанд орсон ч гэсэн стэйк ч юм уу, янз бүрийн үндэстний онцлог хоолууд байгаа. Өөрөөр хэлбэл, бид гадуур хооллохдоо ийм хэдэн хоол харж байгаад л нэгийг нь сонгоод идчихдэг. Тэгэхээр яг тэр хоол бидний биед тохирох уу, үгүй юү, биед хэрэгтэй юу, хэрэггүй юү гэдгийг мэддэггүй. Гэтэл зарим хоолыг идэхээр учиргүй өмхийгөөр унгуулж, ходоод дүүрч хэхрүүлдэг дээ. Энийг уламжлалт анагаах ухааны зүгээс идээ ундны талаас нь тусгайлж авч үздэг. Ингэхдээ өвөрчлөлөөр нь хүний төрөлхийн онцлогийг тогтоодог юм. Хий, шар, бадган, хавсарсан, хурмал гэх зэрэг долоон төрлийн өвөрчлөл бий. Хүнд аль нэг нь давамгай болчихдог. Бусад нь байсан ч нэг нь илүү гараад байдаг гэсэн үг. Төрөлхийн махлаг хүүхдүүд байдаг даа, тэдэнд бадган давамгай. Юу ч идсэн таргалдаггүй, туранхай хүмүүст хий давамгай. Таргалдаг ч үгүй, турдаг ч үгүй дундаж хүмүүст шар давамгай. Эсвэл энэ гурав хавсарч ч болдог. Тэгэхээр бадган давамгай хүмүүс бусад хүмүүсийг бодоход хоол шингээхдээ удаан гэсэн үг. Гэтэл бөөндөө хоол идэхэд ч юм уу, хоёулаа хоолонд ороод адилхан цуйван аваад идлээ гэж бодоход бадган давамгай хүн тэрийг боловсруулж чадахгүй, өнөөхийгөө задалж чадахгүй биед нь нүүрс ус болоод хуримтлагдчихна. Тэгэхээр бадган давамгай хүмүүс ямар хоол идэх ёстой вэ гэдгийг би фестивалийн өдөр хүмүүст зөвлөнө. Эхлээд хүмүүсийн өвөрчлөлийг асуулгаар тодорхойлно. Тэгээд танд ийм мах тохирно, ийм төрлийн хоол илүү таарна, ийм шингэн юм уугаарай гэж хэлж өгөх юм. Тэгээд тэр тохирох хоолыг нь бид бэлдчихсэн байх учраас фестиваль дээр ирж оношлуулсан хүмүүст тохирох хоолыг нь хийж өгнө. Ядаж хий, бадган, шар гэсэн гурван өвөрчлөлийн хүмүүст ямар хоол тохирохыг нь бэлдэж очно. Тэр хүн тохирох хоолоо идэж дуусахад зүгээр амтлах мэдрэмжээрээ сонгож идсэнээсээ илүү шим тэжээлээ авч, бие нь хүнд оргих зовууригүйгээр хоолоо шингэнэ. Жишээ нь, шар нь арвидсан хүн дандаа халуун ногоотой, хуурч хайрсан хурц амттай хоол идээд байвал шараа улам ихэсгэж, биеэ үрэвсүүлээд байдаг. Элэг, бөөр үрэвсээд үрэвслийн гол шалтгаан болдог. Шар давамгай хүн бол үүнээс өөр хоол идэх хэрэгтэй. Энэний ялгаа салгааг л бодитойгоор хүмүүст хэлж өгч, зөвлөж, ойлгуулахаар зорьж байгаа юм. Тохирох хоолыг нь бэлдэж очвол сонссоноос илүүгээр ой тоонд нь буух болов уу гэж бодож байна.
- Хий, шар, бадган гэж юу вэ?
- Энэ гурван зүйл хүний биед тэнцвэртэй оршиж байвал тэр хүнийг эрүүл байна гэж үздэг. Энгийн үгээр хэлэх гээд үзье. Бадган, хий хоёр нь хүйтэн мөн чанартай. Цус, шар хоёр нь халуун мөн чанартай. Хүний биеийн хэм тогтмол 36.5 байдаг даа. Хүн ер нь нэг бол айхтар даараад, нөгөө бол халууцаад явдаггүй шиг хүний биеийн доторх хий, шар, бадган тэнцвэртэй байх ёстой. Мөн өөр өөрийн мөн чанартай. Хийний мөн чанар нь хөнгөн, хөлбөрөмхий, хүйтэн, хуурай, нүнжиггүй. Энэ сэрүүн мөн чанараа бид арвидуулаад байвал хий давамгай болно. Хэт ачаалалтай ажиллаж, стрессдэж, нойргүй хонож, идэж, уухаа мартаж хэт өлөн байвал, өөрийнх нь онцлог нь хий давамгай хүн байвал тэр хүний биед хий маш ихсээд явчихна. Хийний гүйх мөр гэж бий. Зүрх, яс, үес гээд үндсэн сав эрхтнээр голдуу явж байдаг болохоор эхлээд өөрийн орнуудаа их хямраадаг. Зүрх дэлсээд, нойргүйдээд, даараад эхэлдэг чинь хий голлож явж байгаа хэсгүүд хямарч байгаагийн илрэл юм. Шар, бадган гэвэл бас л адилхан өөрийн онцлогтой. Шар бол халуун чанар биед ихсээд байна гэсэн үг. Тухайн хүн алкохол түлхүү хэрэглэдэг, халуун ногоотой хүнс, хуурч, хайрсан олон төрлийн амт ихтэй хоол тогтмол иддэг, нас нь идэр залуу, улирлын хувьд халуун чанарын юм хэтрүүлдэг бол арьс, элэг, цөс, нүд нь хямраад зовууриуд өгөөд эхэлдэг. Бадган мөн хүнд мөн чанартай. Бадганыг арвидуулж байгаа хүмүүс бол дандаа их иддэг, хөдөлгөөн багатай, идчихээд унтчихдаг учраас хүнд, тослог мөн чанарыг нь ихэсгээд байдаг. Тэгэхээр энэ гурван мөн чанарыг бид аль болох тэнцвэртэй байлгах гэж үздэг. Ингэхэд улирлыг бас чухалчилна. Одоо намрын улирал. Хүний бие дандаа нэг төлөвт байхгүй. Үргэлж дээш, доошоо хэлбэлзэлтэй байдаг. Тэгэхээр одоо хүний биеийн халуун өсөж байгаа учраас шар нь нэмэгдэж байгаа. Энэ үед туулга эм уулгах, ханах зэргээр биеэс хасах, гадагшлуулах шинжтэй буюу хоргүйжүүлэх эмчилгээ илүү зөвлөдөг. Намар биеэ нэг сайхан цэвэрлээд авчихдаг байхгүй юу. Харин хавар болоод гадаа дулаарахаар хүний бие илчээ алдаад бадган өсдөг. Тэр үед ходоодыг голчилж үзээд бөөлжүүлэх эмчилгээ хийнэ. Биеэс сальсыг гадагшлуулдаг. Энэ нь биеэс бадганын наалдамхай мөн чанарыг гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр бадган арвидаж байгаа үед шаардлагатай засал, эмчилгээг хийчихээр хэт ихсэхгүй, хоол шингэх нь сайжирч, идэх дуршил нэмэгдэн, дотор онгойно. Тэгээд зунд хийг илүү засдаг. Ийм байдлаар бид улирлын онцлогоос шалтгаалан ихсэж байгааг нь буулгаж, багассаныг нь нэмж, гурван юмаа тэнцвэртэй байлгах гэж хичээдэг. Би үүгээр хий, шар, бадганы онолыг тайлбарлах гэж үзлээ. Ойлгож байна уу?
- Бие дотор байдаг ямар нэгэн юм бололтой?
- Мөн мөн. Зүрх дээр ч энэ гурав байна. Юманд санаа зовоод, түгшээд, кофе уугаад, даараад л байгаа хүн бол зүрхнийхээ хийг ихэсгэж байгаа. Харин өөх тостой хоол идээд, хөдөлгөөнгүй болоод байгаа хүн зүрхний бадганаа ихэсгэж байгаа. Архи дарс их хэрэглэж, хурц чанартай юм идэж, ууж байгаа бол зүрхний шарыг ихэсгэнэ. Тэгэхээр зүрхний булчингийн агшилт түргэсэж байгаад хэм алдагддаг гэсэн үг. Ерөнхийдөө бүх эрхтэн дээр хий, шар, бадган гурвуулаа байдаг бөгөөд хаа хаанаа тэнцвэртэй байх ёстой гэсэн санаа юм.
- Уламжлалт анагаах ухааны засах аргууд дотор сэтгэл засал байдаг уу?
- Хий хямарсан хүний бас нэг эмчилгээ нь “сэтгэлд зохистой нөхөр” гэж уламжлалт анагаах ухааны номд гардаг. Тэгэхээр сэтгэлд зохистой нөхөр нь биднийхээр бол нэг бол эмч нь, нөгөө бол дэргэд нь байгаа гэр бүлийн хүмүүс болж таарна. Хийн хямралтай хүн маш тогтворгүй, айдастай, юм нь болохгүй л байгаа юм шиг санагдаад яваад байдаг. Тэгэхээр тэр хүнийг зоригжуулж, чиглүүлж явж байгаа эмч хүн ингэж яваад эдгэрнэ гэж харсан бол байнга зөв тал руу чиглүүлж, хэлж ойлгуулж байх хэрэгтэй. Үр дүнд нь, хүн сэтгэл зүйн хувьд наашлаад уяраад байдаг. Тэр үед нь бусад засал, эмчилгээгээ хослуулаад явахад тохиромжтой.
- Цахим орчинд иргэдийн дунд тархсан уламжлалт анагаах ухааны буруу ойлголт юу байдаг вэ?
- Нэгдүгээрт, савны хий байна. Савны хий гэдэг нэршил ч байхгүй. Уламжлалт анагаах ухаан бол Монгол улсад стандарттай, эмчилдэг аргатай, оношын кодтой, эрх зүйн баталгаатай зүйл. Тийм байхад эмч биш хүмүүс, барианы газрууд энэ тал дээр буруу жишээ түгээж байна. Мөн худал ярьдаг, хүмүүсийн айдас дээр дөрөөлж ашиг олох сонирхолтой хүмүүс их байх шиг. “Тийм тийм юм чинь болохгүй бол ийм үрлэн эм уу” гэх мэтээр төөрөгдүүлдэг. Тэр үрлэн эмээ өгөхдөө нэрийг нь хэлэхгүй кодолж өгдөг гэж байгаа юм. Гэтэл хүн ууж байгаа эмээ маш сайн мэдэж байх ёстой. Би танд тан өглөө гэж бодоход надаас зөрүүлээд “Энэ ямар нэртэй тан бэ?, Хэдэн цагт уух вэ? Миний юунд өгч байгаа вэ” гэх мэт мэдээллүүдийг асууж, бүрэн гүйцэт авах ёстой. Ямар найрлагатайг нь ч бас мэдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр 1, 2, 3 гээд кодолчихсон, юу нь мэдэгдэхгүй, маш өндөр үнэтэй эм өгөхөөр тэр чинь гэмт хэрэг болж байгаа юм. Энэ их аюултай. Зарим хүмүүс над дээр баахан эм барьчихсан ороод ирдэг юм. “Тэдэн төгрөгөөр тэгж авсан ч үйлчлэхгүй байна” гэдэг. Тэр их харамсалтай.
- Ярилцсанд баярлалаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






