Чингис хааны онгоныг Нийслэл хүрээнд авчрах явдал хэрхсэн тухай нэгэн бичиг
Олноо өргөгдсөний гуравдугаар онд Ордос дахь Чингис хааны онгоныг Нийслэл хүрээнд шилжүүлэн авчрахаар уг хошууны ноён Богд хаанд элч зарсан хийгээд айлтгасан ёсоор залж авчрах зарлиг дээрээс буусан баримтыг бид өмнө нь нийтэлсэн билээ. Харин энэ ажил тодорхой шалтгааны улмаас бүтэлтэй болж чадаагүйг харуулсан удаах баримтыг өнөөдөр толилуулж байна.
Чингис хааны сүлд туг зэргийг залж авчрахад замын зуур гэм учир бүхий тул энэ удаа түдгэлзсэн явдлыг сайд Мэргэн вангийн зэрэг зургаан газар явуулах эх
1914.05.19
Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны бичиг, Зарлигаар зарсан баруун өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийн хэргийг бүгд захирч олон монголчуудыг илбэн тохинуулах хамаарсан сайд Мэргэн жүн ванд илгээв. Явуулах учир, эдүгээ сайд Мэргэн жүн вангийн газраас өргөн мэдүүлсэн бичигт явуулах учир, энэ хаврын тэргүүн сард Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас Чингис хааны бие ба сүлд туг зэргийг залж ирүүлэхэд замын гудас гамингийн цэрэг халхлан суусан нь одоогоор нэвтрэн явж залахын аргагүй хэмээсэн зүйл буй бөгөөд юуны өмнө үг задран хайран шүтээнд харштай зүйл гарах магадгүй хэмээн хязгаарын хэрэг тохинуулахыг түр хүлээлгэн буй тулд урьдаар сэмхнээ сурвалжлан лавлалтайгаар мэдэж хэрэв зам нэвтэрч болох ахул тухайд хэрхэн хамгаалан залж ирүүлвээс болохыг төсөвлөн тодорхойлж мэдүүлэн ирүүлээд гүйцэтгэн шийтгүүлье хэмээн илгээсэн тухайд хамаарсан сайд Мэргэн жүн ван манай газраас мөн энэ зүйлийн учир зам нэвтрэн явж болох эсэх зэргийг олонд задруулахгүй бөгөөд омтгой мөчидгүй нарийн магадаар мэдэж хойш мэдүүлэн ирүүлэхээр хоёрдугаар хорооны дарга ордос цэргийг захирах гүн Буянравжих нарт тушаасан бөлгөө. Эдүгээ тушаалаар томилон гаргасан гүн Буянравжихаас мэдүүлэн ирсэн нь энэ хэр Улаанцав, Их зуугийн чуулганы хошуудын нутаг доторх тариалан ихтэй газруудад гамингийн цэрэг хэсэг бүлгээр суусан нь олон бөгөөд гагцхүү Хангин хошууны нутаг дундуур явахад хятад цэрэг эрхбиш цөөхөн боловч хараахан Чингис хааны ордны орчин тойрон мөн хятад иргэн тариа хагалбарлаж хуралдсан нь үлэмжхэн ба бас ч одоо Хатан голын мөс хайлсан зэргээр нэвтэрч гатлах маш хэцүүн дээр тайлгын дархан нараас энэ мэтийг задруулахад улмаар харшлалтай болж бүхий тул хэрхэн даруй сэмхнээ шийдвэрлэж гүйцэтгэхийг гүн надад захиалж амой хэмээн мэдүүлэхээр иржээ. Иймийн тул үүнийг учрыг гаргаж Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа явуулаад тогтоон шийтгэх ажаамуу хэмээн өргөн мэдүүлэхээр иржээ. Үүнд үзвээс Чингис хааны шарилыг залж авчруулахад замын зуур чингэж зүйл зүйлээр боогдох гэм учир бүхий хэмээсний тулд энэ удаа түдгэлзэн харьяат сайдын газраас түүгээр ойрыг үзэж цаг бүр сурвалжилж сэмхнээ мэдэж чухам болох цаг тухайг үзэж манай газар яаравчлан мэдүүлэн ирүүлж тухайд Дээр сонсгон айлтгаж жич гүйцэтгэн шийтгүүлвээс зохихын тулд үүнийг хамаарсан сайд Мэргэн жүн ванд явуулаад хүрмэгц бичиг учрыг хянан үзэж, журамлан дагаж шийтгүүлсүгэй.
Ийнхүү явуулсан явдлыг зүй нь Бүгд ерөнхийлөн захирах зэрэг таван яамнаа мэдэгдэн явуулсугай. Үүний тул өргөн илгээв.
Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он гурван сарын хорин таван.
МУУТА, Х-АЗ,Д-1, ХН-582
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







