Богд хаанд өргөсөн тамганы хаш чулууны хэргийг нягталж эзэрхэг ноёныг шийтгэсэн нь
1911 онд монголчууд Олноо өргөгдсөн улсаа тунхаглаж Богд гэгээнийг хаан ширээнд залан хаш тамга өргөсөн бөгөөд уг тамга үйлдсэн цагаан хаш чулууг хэн олсон, дээд газарт хэрхэн хүргэсэн хийгээд тамга болсон хойно ч нэр бүхий хүмүүсийн дунд өрнөсөн нэгэн сонин үйл явдлын талаарх архивын баримтыг толилуулж байна.
Хааны тамга үйлдсэн хаш чулууг хадгалж байсан түшмэл Цэндийг хөхиүлэх ба энэ тухайн хэргийг будлиантуулсан сайд ванг буруушаан уг хэргийг сийрүүлэн гаргасан айлтгал, хариу Зарлиг
1913.08.24
Шавь боол На, Цэ сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь, хааны эрдэнэ тамга үйлдсэн хаш чулуу эрдэнийг хадгалж байсан түшмэлийг хөхиүлэх ба энэ тухайн хэргийг будлиантуулсан сайд ванг буруушаан сийрүүлэн гаргаж, Богд эзэн гэгээнээр толилж заан сургахыг гуйх учир, энэ жил зургаан сарын хорин долоонд хүлээн авсан Нийслэл хүрээний Эрдэнэ шанзудба нарын газраас өргөн мэдүүлэхээр ирсэн бичигт өргөв.
Мэдүүлэх учир, эдүгээ манай шавь түшмэл зайсан Цэндээс мэдүүлсэн газар өчүүхэн хүн би хорь шахам жилийн урьд эдүгээ тушаалын сайд Да Сэцэн чин вангийн хошууны нутаг Сүмбэр хэмээх газар нэгэн хэсэг хаш мэт өнгөтэй сул цагаан чулууг байхыг олж аваад, Хүрээний газар авчирч чулуун эрдэнийн фүзэнд үзүүлэхэд нэгэн зуун лангийн төдий үнэ өгсөн боловч уг чулууг эд хийлгэвээс эрхбиш үлэмжхэн үнэ олох болов уу хэмээн горилон хадгалж явсан бөлrөө. Санамсаргүй уржнан жил өвөл цаг нэгэн шавь түшмэл зайсан Содовын бие манай гэрт улаагаар очиж хэлсэн үг, манай монголчууд өөртөө улс болж Очирдара Богд гэгээнээ хаанд өргөмжилж, эрдэнийн ширээнд залахаар тогтсон, Хүрээний хэргийг ерөнхийлөн шийтгэх газраас хааны тамга сийлэх хаш эрдэнийн чулуу сураглахад Цэнд чамд хаш мэт нэгэн хэсэг цагаан чулуу байсан хэмээхийг сонсож, хэрэв хэрэглэж болох аваас үнэ хамаагүй хайрлахгүйгээр олгохыг Эрдэнэ дайчин вантнаас айлдсан хэмээн хэлснээр Цэнд би зайсан Содовын хамтаар Хүрээнээ ирж тэрхүү чулууг хадгалуулсан газраас авч өргөн барихаар явах хооронд Сэцэн вантнаас энэхүү чулууг Цэнд миний нэрээр оруулахад олон ноёдын дунд талаар болмой хэмээн айлдаж авсан, ер өөр айлдсан үг, хайрласан зүйлгүй, дараа миний тэрхүү чулуу хаш эрдэнэ мөн болж хаан тамга сийлсэн хэмээхийг сонсч Богд эзний гайхамшигтай зохиолыг дэлгэрүүлэхийн цагт чухал хэрэглэгдсэн нь юутай ерөөлтэй хэмээн баярлан залбирсаар явсан бөгөөд ноднин жил өвлийн сүүл сард сайд Сэцэн вантнаа бараалхаж, тэрхүү чулууг Дайчин вантнаас үнэ хамаагүй олгомуй хэмээснийг зайсан Содовоос сонссон учрыг дурьдаж, тусгай хишиг байх эсэх нь юу бол, намайг дээр сонорт хүргэн мөргүүлж хайрламуу хэмээн гуйн хэлвээс харин ихэд хилэгнэн тийм юм байдаг уу, чи мэдэх болвоос хаа хүрэхийг өөрөө мэдтүгэй, би санаа татгалзахгүй, ерөөс ч тэр чулууг аль газраас хэн санаа тэргүүлж эрснийг тодорхойлон бичиж өгтүгэй. Урьд манай хошууны хүн нар чулуу эрсэн учир баригдан шүүгдэж байсныг чи нүдээр үзсэн буй за гэх зэргээр урагш давшиж аашилсанд би угаас тэрхүү чулууг газар эрж явсан зүйлгүй, хээр газар сул байсан чулууг олсон явдлыг хошуу олноор сонсч мэдсэн гэрч буй, үүнээс өөр учиргүй тул бичиж барих үггүй хэмээн хэлж гарсан билээ. Учир иймд өчүүхэн шавь боол нэхэж санаваас, энэ зүйлийн хаш чулууг Сэцэн вантан Цэнд миний нэрээр оруулахад олон ноёдын дунд талаар болмой хэмээн завсраас булаан авсан нь угаас дээд яамны газраас Цэнд миний нэр заагдаж албаны хүн очиж гаргуулсан тодорхой хэргийг чухам юу хэмээн хэлж барьсан ба Эрдэнэ дайчин вантангаас үнэ хамаагүй олгомуй хэмээсэн, мөн үүний учрыг дурьдаж Сэцэн вантнаас лавлахад тийнхүү хөндөлдөн ял шүүлт холбогдуулж аашилсан учир эрхбиш юун болох зэрэг цөм гүйцэж мэдэхгүйд хүрсэн хэрэг бөгөөд өчүүхэн боол ямрыг мэдэхгүй дув дугай дарагдан өнгөрөхөд үнэхээрийн сэтгэл төвдөхгүй тул сэнхрүүлэхийг хүсэхээс гадна өчүүхэн хүний олсон хаш чулуугаар хааны тамга сийлж чухал хэрэглэсний учир хэрвээ гавъяа буй аваас даруй илэрхийлэн тэнгэрийн хишгийг хүртээлгэвээс болох ажаамуу хэмээн мэдүүлжээ.
Иймийн тул үүнийг олдвоос Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа өргөн мэдүүлээд толилон тогтоож, заан тушаахыг гуйн мэдүүлж үүний тул өргөв хэмээн мэдүүлэн ирсэн тухайд манай Дотоод яамнаас хойш тушаасан бичигт тушаан илгээв. Тушаан явуулах учир, эдүгээ Нийслэл хүрээний Эрдэнэ шанзудба нараас өргөн мэдүүлсэн бичгийн дотор харьяат шавийн зайсан Цэндээс уржнан жил өвөл цаг манай монголчууд өөртөө улс болж Очирдара Богд эзэн гэгээнээ хаан өргөмжилж, эрдэнийн сууринд залахаар тогтоод, Хүрээний хэргийг ерөнхийлөн шийтгэх газраас хаш эрдэнийн чулуу сураглаж Цэнд надад хаш мэт чулуу буй хэмээхийг сонсч, хэрэв хэрэглэж болох аваас үнэ хамаагүй хэмээн зайсан Содовыг зарж илгээсэнд Цэнд би ирж тэрхүү чулууг өргөн барихаар явах хооронд Чин вантнаас энэхүү чулууг Цэнд чиний нэрээр оруулахад талаар, ван би оруулваас аль бүрт хэрэгтэй хэмээн авсан нь өөр хэлсэн ба хайрласан зүйл үгүй бөгөөд дараа тэрхүү чулуу хаш эрдэнэ мөн болж тамга сийлсэн хэмээхийг сонсч ноднин жил өвөл цаг, сайд Сэцэн чин вантнаа бараалхаж, зайсан Содовоос сонссон учрыг хэлж, хишиг байх эсэх басхүү дээр сонорт хүргэн мөргүүлмүү хэмээсэнд ихэд уурсан ял шүүлт холбогдуулан аашилсан учир юун болохыг гүйцэж мэдэхгүй хишиг хүртээлгэх ажаамуу хэмээн өргөснийг тогтоон шийтгэж заан тушаах ажаамуу хэмээн өргөн мэдүүлэхээр ирсэн. Үүнд манай Дотоод яамны дэд сайд чуулганы дарга Сэцэн чин вангийн хэлсэн нь: Уржнан жил өвөл цаг манай монголчууд өөртөө тусгаар улс болж, Очирдара Богд гэгээнтэн юугаан хаанд өргөмжилж эрдэнийн ширээнд залахаар тогтож, ерөнхийлөх яам байгуулж, бидний ноёд түшмэд хуралдаж элдэв хэргийг зөвлөлдөн шийтгэж бүхийд онц эрхлэн хэрэглэж Богд эзэн хаантны эрдэнийн тамга зохион сийлэх цагаан өнгийн хаш чулуу сураглахад манай хошуунаас Очирдара гэгээнтнээ шавь болгон өргөсөн зайсан Цэнд урьд уул хошуунд бүхийд нэгэн хэсэг цагаан чулуу олоод Нийслэл хүрээнд авчирж худалдахаар хэлж явсан хэмээхийг зайсан Содовоос сонссон сацуу би ерөнхийлөн шийтгэх яамны ноёд түшмэдэд улмаар сонсгоод мөнхүү зайсан Содовыг өртөө улаа хэрэглүүлэн тэр цагаан чулууг авч авчруулахаар мордуулсан дараа зайсан Содов мөнхүү Цэндийн биеийг дагалдуулан Нийслэл хүрээнээ ирж уг чулууг ван Гомбосүрэн манай хорооны нэгэн гэрт байсныг надад авчирч үзүүлсэнд энэхүү чулууг чухам ямар хэчнээн үнээр худалдахыг надтай хэлэлцэх буюу эсвээс ерөнхий яамны газар авчирч хэлэлцэх алин болох дурыг асууваас зайсан Цэндийн үг: Үүнийг өдий төдий үнэ хэмээн хэлэх зүйл үгүй, гагцхүү уг хэрэглэх зүйлд бологдох болвоос Да ван ноёноо барьсугай хэмээн хэлэхэд юутай баяр, бэлгэтэй хэрэг болов хэмээн миний сэтгэл баясч зайсан Цэндэд энэ удаа тавин лан шагнал болгон өгөөрэй хэмээн эцэг гүн Нэрэнд хэлсэнд тэр тэдгээр мөнгөнд таацах цаас далыг зайсан Цэндэд өгсөн дараа Гомбосүрэн би тэрхүү цагаан чулууг арчиж цэвэрлэн арц сангаар ариулаад, Богд эзэн албаны хэрэгт чин хэмээх үнэн санаагаар зүтгэсээр наран гэрэлт түмэн гэгээнтнээ сонин зүйл болгож биеэр дээр бараалхаж өргөөд оролдсон албаны хэрэгт чин хэмээх үнэн санаагаар зүтгэсээр наран гэрэлт түмэн наст Богд эзэн гэгээнээ эрдэнийн сууринд залж, өчүүхэн Гомбосүрэн би Богд эзний хэтэрхий хишиг хүртсэн нь түмэнд нэгэнт хариулан чадахуйяа маш бэрх бөгөөд одоо энэ тухайд өөр хишиг хүртээхийг горилон санасангүй, гэгээн мандсан төрд чадахын чинээгээр зүтгэн явтал гэнэт ноднин өвөл цаг зайсан Цэнд ван Гомбосүрэн надтай учирч хэлсэн үг, Урьд ноёнтны авсан цагаан чулууны үнэд дайчин вантнаас үнэ хамаагүй олгомуй хэмээсэн хэмээхийг зайсан Содовоос сонссон. Бас энэ тухай хишиг байх эсэх, бас намайг Дээр сонорт хүргэн мөргүүлж өгмүү хэмээн хэлэхэд би тэрхүү чулууны үнэд миний эцэг гүн Нэрэн тавин ланд таацах цаас далыг тухайд бэлхэн өгсөн буй за, харин уг чулууны үнийг Дайчин вантнаас хэчнээн үнэ хамаагүй олгомуй хэмээснийг хэрд сонссонгүй бас энэ тухайд тусгай хишиг байх эсэхийг мэдэхгүй, хэрэв хишиг байх аваас жич болно буй за. Сонорт хүргэхийг мэдэхгүй, мөргөх тухайг чи түүгээрээ эеийг эрж мөргөтүгэй. Бас энэ хэрэгт тусгай хишиг горилохыг хүсэх ахул өөрөө мэдэж арга зүйг олж гуйлгахад би санаа татгалзахгүй биш үү хэмээсэн. Бас тэр чулууг аль аль газраас хэн санаа тэргүүлж эрснийг тодорхойлон бичиж өгтүгэй хэмээсэн нь болвол урьд манай хошууны нутагт газар малтаж, үнэт чулуу олж, иргэн монголчууд худалдав хэмээх хэрэг гарч явсан удаа буй бөгөөд зайсан Цэндийн олсон цагаан чулууг бусад хүн газар ухаж аваад орхисон хэрэг болов уу хэмээн санаж асууснаас бус учрыг бичиж өг хэмээн хэлсэн гэгчийг би мэдэхгүй гэхээр үл барам зайсан Цэндийн мэдүүлэлд ван Гомбосүрэн миний биеийг тухайд тийнхүү хөндөлдөн аваад ял шүүлт холбогдуулж ашигласан учир юун гэх зэргээр түрэмгийлэн мэдүүлжээ. Үүнд зайсан Цэнд урьд ноён албат болж явсан хэлхээ журмыг бодсонгүй дээр Богд эзний өндөр зузаан хишгийг хүртэж бүх нэгэн чуулган хэргийг эрхлэн шийтгэж нэгэн хошууг захирах засаг тамга барьсан миний биеийг энэ мэт тушаалын хүн өөрийн ам санааны дураар аваачихыг хичээж гүтгэсэн хэрэгт үнэхээр санаа хорсолтой мэт боловч, уг зүйл Богд эзэн хаантны чухал хэрэглэгдэх эрдэнийн тамга сийлсэн нь маш гайхамшигтай, их баяр бэлгэтэй хэрэг мөн тул энэ удаа барьцаж марган тэмцэхийг түдгэлзье хэмээн хэлсэн, үүнд байцааваас энэ хэрэг элдэвлэвч айлтгалгүйгээр нэгэн тийш болгож үл болмой, гагцхүү үүний дотор чулууны үнийг өгсөн үгүй хэмээн чанга зөрүү болсон зүйл буйн тулд харьяат зайсан Цэндээс чингэж авсан цаас мөнгө юунд дарагдуулсан зэрэг явдлыг байцаан тодорхойлж, жич айлтган шийтгэвээс зохихын тулд үүнийг Нийслэл хүрээний эрдэнэ шанзудба нарт хойш тушаан явуулаад хянан үзэж, хэргийн доторхи зөрүү болсон зүйлийг харьяат зайсан Цэндээс нарийвчлан байцаан үнэн бүрнээр тодорхойлон гаргаж мэдүүлэн ирүүлээд хянаж айлтгахад саадгүй болгосугай. Үүний тул тушаан илгээв хэмээн тушаажээ.
Эдүгээ Нийслэл хүрээний Эрдэнэ шанзудба нараас манай монголчууд өөртөө улс болж, Очирдара Богд гэгээнээ хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залах тухай Хүрээний хэргийг ерөнхийлөн шийтгэх газраас хаан тамга сийлэх цагаан өнгийн хаш чулууг эрэн сураглаж, манай шавь зайсан Цэндэд урьд олсон хаш чулуу бүхийг сонсоод, түшмэл зарж авчруулахад одоо тушаалын дэд сайд чуулганы дарга Сэцэн чин ван хоорондоос авч зайсан Цэндийн нэрийг дарагдуулан эзэрхэж явав хэмээсэн нэгэн хэргийн учрыг гаргаж Дотоод яамнаа заахыг эрж өргөн мэдүүлсэн бөлгөө. Эдүгээ тушаасан бичгийн дотор дэд сайд чуулганы дарга Сэцэн чин вангаас тэрхүү чулууг ван надад авчирж үзүүлсэнд үүнийг хэлэлцэх хэмээвээс үүнийг өдий төдий үнэ хэмээн хэлэх зүйл үгүй, хэрэглэгдэх зүйлд бологдох аваас Да ван ноёноо барьсугай хэмээсэнд Цэндэд тавин лан мөнгөний үнэ таацах далан цаасыг шагнан өгсөн уг чулууг арчиж цэвэрлэн ариулаад, Богд эзэн гэгээнээ сонин зүйл болгож өргөсөн гэх зэргээр хэлсэн учрыг сийрүүлж, энэ хэрэг элдэвлэвч айлтгалгүйгээр нэгэн тийш болгож үл болмой. Гагцхүү үүний дотор чулууны үнийг өгсөнгүй. өгсөн хэмээн чанга зөрүү болсон зүйл буй тул харьяат зайсан Цэндээс чингэж авсан цаас мөнгийг юунд дарагдуулсан зэргийг нарийвчлан байцааж үнэн бүрнээр тодорхойлон мэдүүлэн ирүүлээд айлтгахад саадгүй болгосугай хэмээн тушаасныг дагаж энэ хэргийн зайсан Цэндэд чангалан ухуулан байцааваас түүний мэдүүлэх нь: Урьд өчүүхэн хүний олж хадгалсан хаш чулууг Хүрээний хэргийг ерөнхийлөн шийтгэх газраас зайсан Содовыг зарж Цэнд миний хөдөө гэрийн газар илгээсэн тухайд би зайсан Содовын хамтаар Хүрээнд ирж мөнхүү чулууг хадгалуулсан айлаас аваад халдсан шороо хирийг зайсан Содовын хамт усаар сайтар угаан цэвэрлэж, арцаар ариулаад, зайсан Содов шар өнгийн вааданд боож, энэ чулууг Сэцэн вантан урьдаар үзье хэмээсэн хэмээн хэлж аваачсан дараа Сэцэн вантнаас Цэнд намайг дуудуулж, энэ чулууг чиний нэрээр оруулахад олон ноёдын дунд талаар болмой. Ван би оруулваас аль бүр хэрэгтэй болмой хэмээсэн нь угаас хэрэг ерөнхийлөх газрын олон ноёд бүгдээр толилсон хэрэг тул Цэнд миний нэр гавъяа яахин далдлагдах аж хэмээн итгэмжлэн санаж зохих газар өөрийн биеэр хүргэхийг эрхэлсэнгүй өнгөрсөн хэрэг асан, ер тийнхүү үнэ хэмээн хэлэх зүйлгүй Да ван ноёноо барьсугай хэмээсэн ба тавин лангийн үнэ таацах далан цаас шагнан өгсөн зүйлгүй, харин уржнан жил өвлийн тэргүүн сарын шинэдээр миний бие Хүрээнээ ирээд Сэцэн вантны эцэг гүн Нэрэнтэй учирч түүнээс авбаас зохих гурван морины өр буйд бэлхнээ хэрэглэх бяцхан мөнгө цаас урьдчилуулмуу хэмээсэнд далан цаас энгийн зээлүүлэн өгснийг авч зараад нутагт буцсан хойно Хүрээний хэргийг ерөнхийлөн шийтгэх газраас хаш чулуун хэрэглэх явдал гарч зайсан Содов очсон хэрэг бөгөөтөл үүний урьд зээлдсэн цаасыг яахин чулууны шагнал болгон зааж болох аж хэмээх төдийгүй энэ зуны цаг Цэнд миний бие гүн Нэрэнтэй учирч зээлдсэн цаасыг урьдын авбаас зохих гурван моринд суутгах уу, хэрэв авах өгөх зүйлийг харьцуулан суутгах болохул морин гуравт далан цаасны үнэ хүрэлцэхгүй тул бага нэмэр хайрлах болов уy хэмээхэд гүн Нэрэнгээс ноднин жил Цэнд чиний хөвгүүн Сүмдэй Нэрэн миний халиунлаг зүсмийн морь нэгийг унаж, эмгэгтэн үхүүлсэн учир буй, жил одоо чамаас авахаас бус өгөх зүйл үгүй хэмээн хэлж өнгөрсөн хойно тэрхүү халиунлаг морины учрыг хөвгүүн Сүмдэйгээс асууваас ноднин жил хавар цаг цаг гүн Нэрэнгийн халиунлаг морь нэгийг түр унаж, эгүүлэн тавьсан хойно мөн он намар цаг тэдний хошууны хүн Манал унаж, Сүмдэй миний ххамт нэгэн хошууны Гэнэн-Увшийн гэрт бууж явсан нь Гэнэн-Увш тэрхүү морийг таних тул тэр ч мэдмүй хэмээсэнд би гүн Нэрэн тэр морийг үхэв хэмээсэн тул юун ташаа болох билээ, лав үхсэн хэрэг буй за. Шир шүдийг олж иртүгэй хэмээн хөвгүүн Сүмдэйг явуулсанд тэр Маналаас учрыг асууваас, халиунлаг морь ноднин намар цаг амьд зарагдсан хэмээх ба мөн намар уг адуундаа тарган сайхан байсныг мөн хошууны Цэсэнжав үзсэн хэмээмүй хэмээн хэлж ирсэн зүйл буй нь цөм гүн Нэрэн бидний хоорондоо хэлэлцэх хэрэг билээ. Гагцхүү үүний доторх зээлсэн цаасыг Сэцэн вантнаас чулууны шагналд өгсөн болгож засварласан хэрэг болов уу. Уг тэрхүү чулууг чулуун эрдэнийн пүүс зуун лангийн үнэ өгсөн ба Эрдэнэ дайчин вантнаас хэрэглэж болох аваас үнэ хамаагүй хайрлахаар айлдсан гэхийг сонссон дээр ялангуяа Богд эзний гайхамшигт зохиолыг дэлгэрүүлэхийн цагт чухал хэрэглэгдэх хас чулууг өчүүхэн доорд шавь боол хэдийнээ олж хадгалсан хувь заяаг илэрхийлэхийг хүсэхгүй юуны урьд ашиг хишгээс зайлж Сэцэн вантнаа энгийн нүүрчилж өгөх билээ. Учир иймд сайд Да Сэцэн вантнаас тэрхүү хас чулууг минийхлэн аваачиж, Богд эзэн гэгээнээ сонин зүйл болгож өргөсөн хэмээхийг үзвээс угаас Сэцэн вантан бусад тэргүүлэн хэрэг шийтгэх олон ноёдоос битүүлэг завсарчилж, басхүү өчүүхэн шавь боолыг наагуур дарлан хувь зохиолтой хишгийг эдүгээ болтол далдалж боогдуулсан ба одоо ч ам санааны дураар аваачихыг хичээж гүтгэсэн хэрэгт үнэхээрийн санаа хорсолтой хэмээсэн нь энэ төдий бус Сэцэн вантан уржнан жил миний эцэг Бизъяа биднийг өрх хөрөнгөөр өртөөний албан хааж бүхийд шавь болгон өргөсөн бөгөөтөл уг албанаас өдөр удтал халсангүй хошууны албан хаалгаж, төлөө чирэгдүүлсэн учир даруй халуулан ацаг хөлсийг олгуулахыг эрж тэдний тамгын газар мэдүүлсэн боловч үл хэрэгссэн учирт харьяат газар удаа дараацан мэдүүлж бичиглүүлэн, эдүгээ хэдэн жилийн нүүр болтол ацаг мөнгө өгсөнгүй нь хэдийнээ хорсгол буй агаад санаатайгаар цуцагдуулъя хэмээснийг болохгүй Сэцэн вантан болвоос тэрхүү хаш чулууг эхэнд урьханаар хэлж аваад, эцэст зүй бус эзэрхэн аашилснаар өчүүхэн шавь боол үнэн учрыг гаргаж мэдүүлсэн хэрэг билээ хэмээн бус явдлыг урьд ёсоор ягшиж мэдүүлмүй.
Хянаваас зайсан Цэндийн мэдүүлсэн нь ийнхүү бүгд түүний урьд олсон хаш чулууг Хүрээний хэргийг ерөнхийлөн шийтгэх газраас нэр зааж авчруулахад, Эрдэнэ дайчин вантанаас хэрэглэж болох аваас үнэ хамаагүй олгуулахаар хэлсэн уг чулууг Сэцэн ван урьдаар узье хэмээн авчруулсан зэрэг явдлыг цөм зайсан Содов тодорхойлох хэрэг болохын дээр одоо дэд сайд чуулган дарга Сэцэн чин ван тэрхүү чулууг үнэхээр үнэ шагналыг өгч хувь авсан болбол ноднин жил өвөл цаг зайсан Цэндийг учирч чулууны үнэ хишгийг горилж хэлсэнд урьд нэгэнт өөрийн болгож Богд эзэн гэгээнээ өргөсөн нь омтгойтох хоёрдох зүйл гарахыг хянаж даруй дээр цагаатган шийтгүүлэхгүй юунд хишиг байх аваас жич болно буй за хэмээх зэргээр саармагдуулан хэлэх аж. Харин ч урьд харьяат хошууны нутагт газар малтаж, чулуу авсан будлиантай хэргийг дурьдан асуусан хэмээхийг үзвээс Сэцэн ван тэрхүү чулууг бусад хэрэг ерөнхийлөх олон ноёдоос наагуур хөндөлдөн завсарчилж, бусдын юмыг хувийн юм хэмээн Богд эзэн гэгээнээ бүтүүлэг хуурмаглан өргөсөн хэргийг илтгэн чадахгүй бөгөөд доорд хүнийг тушаалын сүр, хэргийн нэрээр дэмий айлган мохоож, эчнээгээр дарагдуулахыг эрмэлзсэн нь байдалд илэрхий болохын гадна уржнан жил Сэцэн вангаас энэхүү зайсан Цэндийг түүний эцэг Бизъяагийн хамт шавь болгон өргөсөн хойно уг хааж байсан өртөөний албаныг халахгүй хошууны төлөө албан хаалгаж чирэгдүүлсэн учрыг удаа дараацан мэдүүлээд бичиглүүлээд шийтгэн барагдуулаагүй хэрэг бүхий, үүнд харьяат Сэцэн вантнаас энэхүү шавь болсон Бизъяа, Цэнд нарт үнэхээр санаа хорсох тул хошуунд эгүүлэн авч, оронд өөр хүнийг шавь өргөвөөс болмуу хэмээн хэлж ирсэнд нэгэнт шавь болсон хүн нарыг арилжиж болохгүй хэмээн хойш хэлсэн зүйл буй. Бас саяхан зайсан Цэнд энэ зүйлийн хаш чулууны хэргийг мэдүүлснээр Дотоод яамнаа мэдүүлэх бичиг шийтгэн гаргасан чацуу дэд сайд чуулганы дарга Сэцэн чин ван биеэр ирж, зайсан Цэнд хаш чулууны тухай заалдан мэдүүлснийг Дотоод яаманд мэдүүлэхээр завдаж буйг сонсов. Миний нэр нүүрт талаар болох тул мэдүүлэхийг баймуй. Би Цэнд лүгээ хэлэлцэж учраа олъё хэмээсэнд уг хэргийг нэгэнт мэдүүлсэн учрыг хэлж буцаасугай. Одоо Сэцэн ван болвоос Дээд яамны дэд сайд нэгэн аймгийн чуулганы дарга ихээхэн засаг мөн ийнхүү гоёчоор хэлбэрэхүй агуулан гуйлхийлж явах нь ёс зүйд нийлэлцэхгүй бөгөөд манай Эрдэнэ шанзудба нар эзний хишгийг хүртсэн нь энэ мэт үнэнгүй хэрэг дарагдуулваас шударгагүй болох тул үүний учрыг хамтаар гаргаж, олдвоос Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа өргөн мэдүүлээд байцаан толилж тогтоон шийтгүүлэхийг гуйсугай хэмээн өргөн мэдүүлэхээр ирсэн.
Үүнд шавь боол Цэ-гийн бие эдүгээ тушаалын тэргүүн сайд Эрдэнэ дайчин ван Ха (Ханддорж), Эрдэнэ далай жүн ван Го, дэд сайд Сэцэн чин ван Го, жич Далай чойнхор чин ван Цэдэнсоном нарын нэгэн хамт албан хааж, тулгар төр байгуулах хэрэг зөвлөлдөн шийтгэж байсан цагт бид бүгдээр хааны эрдэнэ тамга үйлдэх хаш эрдэнэ чулуу яахин олохыг зөвлөлдөн сурвалжилж бүхийд Сэцэн чин ван Го Их шавийн зайсан Цэнд хэмээх хүн хэдэн жилийн урьд хаш мэт цагаан чулуу худалдах хэмээж байсан. Энэ хир зараагүй болзошгүй хэмээн мөн шавь зайсан Содовоос сонсов хэмээн хэлсэн тухайд бид бүгдээр зөвлөөд, тэр чулуу эдүгээ буй үгүй, буй аваас хаш мөн бус, мөн болохул зохих үнийг татгалзалгүй олгомуй хэмээж мөнхүү сураг гаргасан зайсан Содовыг томилон тушааж мордуулсан дараа Сэцэн ван Го бид нарт хэлсэн нь, тэр чулуу хаш мөн бололтой. Түүнийг би худалдан авч дээр өргөвөөс болмуу хэмээн хэлсэнд бид түүнийг эзнийг гомдуулахгүй үнэ өгвөөс болно хэмээн хэлсэн бөлгөө. Дараа дээрээс Цэ миний биеийг дуудан бараалхуулж, тэрхүү цагаан хаш чулууг хайрлаж, үүнийг Сэцэн ван өргөв, аваачиж тамга хийлгэгтүн хэмээн айлдсаныг хичээнгүйлэн дагаж авчраад хааны эрдэнэ тамга үйлдүүлсэн билээ. Эдүгээ шавь боолчууд хянан байцааваас энэ хэрэг болвоос анхнаас сайд Сэцэн ван Го чулууны үнийг түүний эзнийг гомдуулахгүйгээр өгөх явдлыг албаны газар хэлээд ёсоор гүйцэтгэсэнгүй, огт өгсөнгүй буюу. Ялимгүй зүйлээр ор нэр болгож, доорд хүнийг дарлан гачигдуулснаас өчнөөн будлиан тэмцэл үүдэхэд хүрсэн аж. Уг зүйл энгийн эдлэл лугаа адилшааж болох нь огт бус бөгөөд хэргийн доторхи үг мэдүүллийг хянаваас зайсан Цэндийн мэдүүлэг гэрчтэй, баримттай бөгөөд үнэн болов уу хэмээлтэй. Вангийн үгэнд төдий л баримтлаваас болох үнэн тэмдэг үгүй харин эзэрхсэн, дарласан үг байдал илэрхий буй амой. Хэргийн дотор учир бага гүйцэлдээгүй нь байх мэт боловч төдий л чухал зүйл бус агаад хүлээлгэхэд өдөр удааширч ядуу доорд улмаар цуцагдуулахад хүрмүй. Шавь боол Цэ нар тухайд чулууг өөрсдөө хүлээн аваад зайсан Цэндийг гомдуулахгүйгээр нэгэн тийш болговоос зохимой. Гагцхүү ван Го-г магад баярлуулах үнэ өгнө буй за хэмээн баримтлав, хараахан ийм болохыг хянасангүй даруй осолдон омтгойдсон ял байх тул дээрээс яллахыг гуйхаас гадна зайсан Цэнд энэхүү чухал хэрэглэх хаш чулууг чингэж хадгалж байсан нь хувь зохиолтой хүн мөний тул түүнд Богд эзэн тухайлан хишиг хүртээж болох эсэх бас тэр чулууны үнийг төвсөвлөн бусдын өгсөн үнийг хувь давхарлаж одоо хоёр зуун лан мөнгө улсын сангаас олгуулваас болох, үл болох явдлыг Зарлигийг гуйсугай. Жич дэд сайд чуулганы дарга Сэцэн чин ван Го болвоос Чин улсын үед улиран жүн вангийн зэрэг бэйл бөгөөд, эдүгээ тулгар төр байгуулах тухайн хэрэгт хүчин зүтгэж явсан учир Очирдара Богд эзэн хэтэрхий хишиг хүртээж, үе улиран чин вангийн зэрэг, жүн вангийн хэргэм шагнасан ба дэд сайд чуулган даргын тушаалд тус тус оролдуулсан нь даруй эрхэм үзэж чухал хэрэглэжээ. Тийн атал харьяат ван энэ хэрэгт ийнхүү шударгыг барьсангүй эрхэмдээ эрэмшиж доордыг эчнээгээр дарлан гачигдуулаад эцэст зүй бусаар чингэж гуйлхийлэн явсан нь харин Богд эзний хишиг өршөөлийг үтээрхэн хэргэм тушаалыг гутаахад хүрсэн бөгөөд энэ мэт илтгэн айлдаж цээрлүүлэхгүй болвоос үл нийлэлцэхийн тулд уг хэргийн бүрэн учрыг сийрүүлэн гаргаж хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр толилж заан сургах ажаамуу. Дэд сайд Го энэ хэрэгт чухал холбогдсоны тулд нэрийг заасангүй явдлыг хамтаар гаргаж үүний тул хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймой хэмээн айлтгасанд мөнхүү сарын хорин гурванаа хүлээн авсан уг нугалбарт улаан бийрээр цохсон Зарлиг, Гомбосүрэн чингэж доордыг дарлан, басхүү зүйгүйгээр гуйлхийлэн явсан нь үнэхээр нийлэлцэхгүй. Зүй нь хүндэд чангалан шийтгэж цээрлүүлвээс зохих боловч уг зүйл эрхэм чухлын тул бэлгийг бодож хүндэд шийтгэхийг уучлан хэлтрүүлж, энэ удаа Гомбосүрэнгээс мөнгө таван зуун ланг хөөн гаргуулж, Цэндэд шагнан олгуулаад, улсын сангаас гаргуулахыг байлгаж, Гомбосүрэнг нэвширтэл донгодогтун. Цэнд даруй хувь зохиолтой хүн мөний тул үе улиран дэд зэрэг жинс шагнагтун. Цэрэнчимэд нар хэдий омтгойдсон боловч өөрсдөө ял гуйсны тул хэлэлцэхгүй болгогтун хэмээв.
МУҮТА, Х-АЗ, Д-1, ХН-81, Хуу-51-68
"Монгол улсын Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам. Баримт бичгийн эмхэтгэл. (1911-1919)" номоос.

Эрдэнэ далай ван Гомбосүрэн.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







