Тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг яаралтай эхлүүлэхээр болов
Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хэрэглээг бүрэн хангах зорилготой “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн талбайд ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр ажиллалаа. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, хуучнаар ТЭЦ-2 станцын үнсэн сангийн талбайд байгуулах шинэ станц нь 300 мВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ус бага хэрэглэх агаарын хөргөлтийн систем, хаягдал усыг буцааж ашиглах технологитой юм. Станц ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангахын зэрэгцээ, үйлдвэрлэсэн цахилгааныхаа 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг станцын дотоод хэрэглээнд зарцуулна. Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн газар шорооны ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр болжээ. Төслийн эхний ээлжинд 1961 оноос хойш буюу ТЭЦ-2 станцад 65 жил хуримтлагдсан үнсийг зайлуулна. Улмаар барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлж 2.5 жил үргэлжлэх юм. 658.5 сая долларын өртөг бүхий энэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс гаргах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






