"Майнкрафт дархан цаазат газар” нэртэй газрын зураг бүтээжээ
Чихэнд чимэгтэй
2025-01-08
Дэлхийн 70 гаруй улс оронд байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “The Nature Conservancy” байгууллага 2024 оноос Монголд хүрээгээ тэлээд байгаа билээ. Олон нийтээс хандив тусламж босгон байгаль хамгаалалтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулдаг тус байгууллага энэ удаа "Minecraft" тоглоомыг хөгжүүлэгч "Mojang Studios" компанитай хамтран “Майнкрафт дархан цаазат газар” нэртэй газрын зураг бүтээжээ. Тус газрын зурагт тал хээр, далай тэнгис, гол нуур, намгархаг газар, халуун орны чийглэг ой зэрэг есөн өөр хэсэгт байгаль хамгаалагчийн пост, жуулчдын мэдээллийн төв, зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам зэргийг багтаан дүрсэлсэн байна. Үүнийг байгаль хамгааллын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор хэрэгжүүлсэн бөгөөд TNC байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррис “Хүмүүсийн байгаль хамгааллын талаарх ойлголтыг үйлдэл болгоход нь хөтлөхийн тулд мэддэг хэлээр нь ярих хэрэгтэй болдог. "Minecraft" тоглоомыг бүтээсэн компани харин энэ ажилдаа гаргууд” хэмээсэн байна. Шведийн тоглоом хөгжүүлэгч Маркус Перссоны бүтээсэн энэхүү тоглоомын эрхийг "Mojang Studios" компани 2011 онд авч хөгжүүлэх болжээ. Энэхүү видео тоглоом нь 3D аргаар бүтээгдсэн ертөнцөд янз бүрийн блок бүхий барилга байгууламж, газар орон, саад даваан дундаас хайгуул хийж, нөөц цуглуулан, шинэ эд зүйлс урлах, дүрслэл бүтээх чадварыг тоглогчоос шаарддаг бөгөөд борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.