Нидерланд: Германы нацистуудтай хамтран ажиллаж байсан хүмүүсийн нэрсийг ил болгов
Анд нөхдийн мэдээ
2025-01-03
Нидерланд улсад Германы эзлэн түрэмгийллийн үед нацистуудтай хамтран ажиллаж байсан гэж сэжиглэсэн 425 мянган хүний нэрийг анх удаа цахим сүлжээнд нийтэлжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, энэ жагсаалтыг Дэлхийн II дайн дуусахын өмнөхөн байгуулагдсан Нидерландын тусгай хорооны талаарх судалгааны мэдээлэлд үндэслэн гаргасан бөгөөд өмнө нь зөвхөн Гааг дахь Үндэсний архиваас үзэх боломжтой байсан аж. Жагсаалтад дайны гэмт хэрэгтнүүд, Германы армид алба хааж байсан 20 мянга орчим нидерланд хүн, мөн Нидерландын нацист намын гишүүн гэж үздэг хүмүүс багтсан байна. Эдгээрээс 15 мянга орчим хүн өмнө нь ямар нэгэн шийтгэл хүлээжээ. Жагсаалтад хүмүүсийн овог нэр, төрсөн он, сар, өдөр зэрэг мэдээлэл багтсан бөгөөд яллагдагчаар татагдсан болон ял шийтгэгдсэн талаарх мэдээллийг зөвхөн Үндэсний архиваас нь авах боломжтой аж. Харин эдүгээ амьд сэрүүн байж болзошгүй хүмүүсийн нэрийг олонд дэлгээгүй байна. Уг мэдээллийг цахимжуулсан Кристиан Хюйгенсийн хүрээлэн дээрх мэдээллүүд нь одоо болон ирээдүй хойч үеийнхний хувьд чухал түүхийг агуулсан, 1940-1945 оны үеийн нацистуудын түрэмгийллийн талаарх судалгааны гол баримт болохыг онцлов. Өмнө нь тус улсын Соёлын сайд Эппо Брюинс парламентад илгээсэн захидалдаа, өнгөрсөн бурангуй цагийн түүхийг давтахгүй байхын тулд эдгээр мэдээллийг ил тод болгох нь онцгой чухал боловч хувийн нууцтай холбоотой зарим асуудлыг харгалзан үзнэ гэдгээ дурдсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.