Камала Харрисыг энэтхэг нагац эгч нь дэмжив
Анд нөхдийн мэдээ
2024-11-04
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш эхлэх гэж байна. Энэ жил Ардчилсан намаас энэтхэг, ямайка гаралтай, хар арьст эмэгтэй анх удаа нэр дэвшиж байгаа нь дэд ерөнхийлөгч Камала Харрис юм. Түүнийг эмч мэргэжилтэй, 80 настай, энэтхэг нагац эгч Сарала Гопалан нь дэмжиж, зээ дүүгээ ээжийнхээ адил шударга ёсны төлөө тэмцэгч байж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. К.Харрисын ээж Шяамала Гопалан нь 1958 онд АНУ-д эрүүл мэндийн чиглэлээр суралцахаар очиж хөхний хорт хавдар судлаач болжээ. С.Гопалан эгчийнхээ тухай “Миний эгч тогтсон үзэл бодолтой хүн байлаа. Өмнөд Энэтхэгээс гаралтай хүн АНУ-руу явж сурна гэж хэн ч мөрөөдөж ч байгаагүй тэр үед 19-хөн настай эгч маань суралцахаар явсан” хэмээгээд, Шинэ Делид оюутан байхдаа гадаадад суралцах шийдвэрийг бие даан гаргаж тэтгэлэг хөөцөлдсөөр явсан тухай нь ярьжээ. Улмаар “Миний эгч бусдаас ямар ч тусламж авалгүйгээр бүхнийг ганцаараа хийсэн” гээд, энэ амьдралаараа өөрийн охид болох Камала болон түүний эгч Маяад үлгэрлэснийг нь ярьсан юм. К.Харрисын аав, ээж хоёр иргэний эрхийн хөдөлгөөний үеэр анх танилцсан бөгөөд К.Харрисыг бага сургуульд байхад хоёр тийш болсон тул охин ээжийнхээ гар дээр өссөн байна. К.Харрис шударга бус зүйлтэй тулгарвал эргэлзэхийн оронд шийдэл эрэлхийлдэг ээжийнхээ занг дуурайснаа хэвлэлд ярьж байсан юм. Үүнийг нотлон нагац эгч С.Гопалан нь эгчийгээ шударга бус зүйлийг тэвчдэггүй байсан тухай, охиддоо зөв зүйлийн төлөө тэмцэх хэрэгтэй гэж захьдаг байсан талаар ярьсан байна. Мөн С.Гопаланыг хүн бүр К.Харрисын нагац эгч гэж дууддаг тул жинхэнэ нэрээ мартах шахаж байна хэмээн наргижээ. Өдгөө Өмнөд Энэтхэгтээ амьдарч байгаа тэрбээр зээ дүүгээ АНУ-ын ерөнхийлөгч болбол тангараг өргөх ёслолд нь биеийнхээ байдлыг харж байж очиж оролцоно, сонгуульд ялахгүй бол очихгүй гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.