images

Өмнөд Солонгос: Тавь гаруй жилийн өмнө гэрээсээ төөрсөн охин ээждээ эргэж ирэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-12


   Олон жилийн өмнө гэрээсээ төөрсөн хүүхэд ДНХ-ийн шинжилгээний ачаар тавь гаруй жилийн дараа гэр бүлээ олж уулзжээ. Өмнөд Солонгосын Өмнөд Кёнсан аймгийн Чанвон хотын Цагдаагийн газрын мэдээлснээр эдүгээ Мирян хотод амьдарч буй 57 настай Ким Мижон 1972 оны дөрөвдүгээр сард таван настай байхдаа гэрийнхээ ойролцоох усан боомтын дэргэд тоглож байгаад хүүхдийн сониуч зангаар Пусаны чиглэлийн усанд онгоцонд суун явж одсон байна. Пусан хотод ирсэн хойно хүүхдийг олж авсан хүмүүс түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх төвд хүргэж өгчээ. Охин тэнд хэдэн жилийг өнгөрүүлсөн хойноо буюу 12 настайдаа асрах байрнаас оргож гэрээ хайж үзсэн боловч амжилт олсонгүй. Улмаар насанд хүртлээ асрах байранд амьдраад нөхөрт гарч, нас тогтсон хойноо буюу 2009 онд Мирян хотын Цагдаагийн газарт очиж олон жилийн өмнө салсан гэр бүлээ хайж буйгаа хэлэн генийн шинжилгээ өгчээ. Нөгөө талаар Ким Мижоний төрсөн ээж 82 настай Кан Док Жа гуай мөн генетикийн шинжилгээгээр цусан төрлийн холбоог тогтоож болдог гэж сонсоод өнгөрсөн гуравдугаар сард Чанвон хотын Цагдаагийн газарт очиж шинжилгээ өгч бүртгүүлжээ. Цагдаа нар хатагтай Каны генийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүүхдийн эрхийг хамгаалах газарт илгээснээр тэдний ген таарч байгааг нотолсон анхны дүгнэлт гарав. Үүнийг баталгаажуулахаар хатагтай Ким Мижонд дахин ДНХ-ийн шинжилгээ хийснээр тэд ээж охин болохыг бүрэн баталжээ. Чанвон хотын Цагдаагийн газар өчигдөр ээж, охин хоёрыг уулзуулах ёслол зохион байгуулсан бөгөөд уулзалтад Мижоний ээжээс гадна зургаан эгч дүүс нь ирж 52 жилийн дараа нэгэн гэр бүл элэг бүтэн болж уулзалджээ. Өндөр настан Кан гуай олон жилийн өмнө алдсан охинтойгоо эсэн мэнд ахуйдаа уулзсандаа үгээр илэрхийлэхийн аргагүй баяртай буйгаа хэлж, Цагдаагийн байгууллагад талархал илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.