images

Польшийн ерөнхийлөгч Герман улсаас дайны нөхөн төлбөр шаардав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-03


   Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда Дэлхийн II дайн эхэлсний 85 жилийн ойг тохиолдуулан Германы Засгийн газраас дайны хохирол барагдуулж өгөхийг шаардсан тухай тус улсын PAP агентлаг мэдээлэв. Польшийн баруун өмнөд хэсгийн Велюнь хотод болсон дурсгалын арга хэмжээний үеэр ерөнхийлөгч А.Дуда "Нөхөн төлбөр олгох асуудал одоо хүртэл шийдэгдээгүй, 80 гаруй жил болж байна" гэжээ. Улмаар "Дайнаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой төдийгүй заавал биелүүлэх ёстой. Польшийн ард түмэн үүнийг хүлээж байна" гэж цохон тэмдэглэв. 1939 оны есдүгээр сарын 1-ний өглөө нацист Герман тухайн үеийн Польшийн хилээс 21 км-ийн зайд орших Велюнь хотод 380 ширхэг бөмбөг хаяснаар Дэлхийн II дайн эхэлсэн юм. Энэ дайнд 6 сая польш хүн амь үрэгдэж, Варшав зэрэг хотуудын дэд бүтэц сүйрч, асар их хохирол амссан билээ. Дайны нөхөн төлбөр нь хөрш зэргэлдээ Герман, Польш улсуудын хооронд олон жил үргэлжилсэн асуудал юм. Өнгөрсөн оныг хүртэл эрх барьж байсан Польшийн Хууль, шударга ёсны намын (PiS) Засгийн газар Германаас 1,3 их наяд еврогийн нөхөн төлбөр төлөхийг шаардсан. Герман улс дайн дууссаны дараа дорнод бүсийн газар нутгийнхаа нэг хэсгийг Польшид шилжүүлэн өгсөн юм. Мөн Польш улс 1953 онд Зүүн Германаас шаардсан нөхөн төлбөрөөсөө татгалзсан тул эдүгээ хүлээх хариуцлага байхгүй гэж Германы тал үздэг аж. Гэсэн хэдий ч Польшийн үндсэрхэг хүчнийхэн ЗХУ-ын шахалтаас болж нэхэмжлэлээсээ татгалзсан гэж мэдэгджээ. Германы канцлер Олаф Шольц өнгөрсөн долдугаар сард Польшид айлчилж, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөг Берлин хотод босгож, амьд үлдсэн хохирогчдод дэмжлэг үзүүлэхээ амласан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.