images

Франц: Эйфелийн цамхгийг Олимп сурталчлах самбар болгон ашиглаж буйг эсэргүүцэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-03


   Францын нийслэл Парис хотын бэлгэдэл болсон Эйфелийн цамхаг дээр Олимпын таван цагираг суурилуулсан нь цамхгийн зохион бүтээгчийн үр ач нарын эсэргүүцэлтэй тулгарчээ. Зохион бүтээгч Гюстав Эйфелийн шууд угсааныхны холбоо өнгөрсөн 2-ны өдөр мэдэгдэл гаргаж хүн бүрийн эрхэмлэн хайрладаг Эйфелийн цамхгийг тодорхой байгууллага арга хэмжээ сурталчлахад байнга ашиглаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж. Урд өдөр нь Парис хотын дарга Анн Идальго "Бид Эйфелийн цамхагт суурилуулсан Олимпын бэлгэдлийг үүрд мөнхлөн үлдээх талаар Олон улсын Олимпын хороотой тохиролцоонд хүрсэн" гэж мэдэгдсэн юм. Харин холбооны ерөнхийлөгч Оливьэ Бэртелло “135 жилийн өмнө баригдсан цагаасаа хойш Парис, Францын бэлгэ тэмдэг болсоор ирсэн энэ цамхагт хэчнээн онцгой үйл явдал тохиосон ч түүнийг сурталчилгааны самбар болгон ашиглах нь зохисгүй” гэсэн байна. Парисын түүхэн бэлгэдлийг хамгаалах чиглэлээр ажилладаг “SOS Paris” олон нийтийн байгууллага мөн хотын даргын шийдвэрийг эсэргүүцэж "Эйфелийн цамхаг 135 жилийн түүхтэй. Харин 17 өдрийн спортын арга хэмжээ бэлгэдэлт цамхгийн түүхэн ач холбогдлоос давж болохгүй" гэсэн тухай “Le Monde" сонин мэдээлжээ. Хотын дарга эдгээр эсэргүүцлийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.