АНУ: Хориотой номын жагсаалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандав
Анд нөхдийн мэдээ
2024-09-03
АНУ-ын улсын сургуулийн номын сангуудад сурагч, оюутнууд уншихыг хориглосон номын нэрсийг тогтоох асуудал яригдаж, хэвлэлийн салбар болон муж улсын засгийн газрын хооронд маргаан өрнөөд байна. "Washington Post" сонины мэдээлснээр "Penguin Random House", "Simon & Schuster", "Harper Collins" зэрэг АНУ, Их Британийн зургаан томоохон хэвлэлийн компани хориглосон номуудын нэрсийг хүчингүй болгохыг хүсч Орландо мужийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Мужийн боловсролын байгууллагууд зарим номыг хориглосон шийдвэр гаргасан нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сурч боловсрох эрх чөлөөг баталгаажуулсан Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийг зөрчсөн гэж хэвлэн нийтлэгчид үзэж байна. Өнгөрсөн оны долоодугаар сард Флорида муж сургуулиудад хориотой номын нэрсийг зааж тогтоох шийдвэр гаргасан байна. Үүний дагуу эцэг эхчүүд улсын сургуулийн анги танхим эсвэл сургуулийн номын санд бэлгийн үйл ажиллагааг хэтэрхий илэн далангүй харуулсан ном, эсвэл тухай тухайн насны ангилалд тохиромжгүй номыг заан нэрлэж, хориглох хүсэлт гаргах эрхтэй болжээ. Хэрэв хүсэлтийг эцсийн байдлаар хүлээн авбал оюутнууд сургуулийн номын санд уг номуудыг унших боломжгүй болно. Энэ арга хэмжээний дагуу номын сангаас хасагдсан хориотой номын тоонд Лев Толстойн “Анна Каренина”, Эрнест Хемингуэйн “Or Whom the Bell Tolls” зэрэг сонгодог бүтээлүүд багтжээ. Хуулийн төсөлд номын агуулгыг бүхэлд нь авч үзээгүй бөгөөд бэлгийн контентыг харуулсан номыг устгах нарийн стандартыг заагаагүй байна. Хэвлэн нийтлэгчид “Бид бэлгийн үйл ажиллагааг харуулсан контент болон “порнограф” гэсэн үгийн тодорхой тайлбаргүй ийм хуулийн эсрэг зогсох болно” гэж мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.