Америкийн хэвлэлүүд хорт хавдраар өөд болсон жүжигчин бүсгүйн амьдралыг онцолж байна
Анд нөхдийн мэдээ
2024-07-16
Өсвөр насандаа номын хавтсан дээр заларч, хориод насандаа Холливүүдийн од болж, гучаад насаа нам гүмхэн өнгөрүүлж, дөч гаруй насандаа хүнд өвчинтэй тэмцэн итгэл найдвар, зориг тэвчээрийн бэлгэ тэмдэг болсон Америкийн жүжигчин бүсгүй Шаннен Дохерти өнгөрсөн 13-ны өдөр 53 насандаа өөд болжээ. Америкийн хэвлэлүүд түүний кино мэт амьдралыг онцолж байна. Дэлхий даяар ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдах оролдлого гарсан тухай шуугиж байхад “New York Times”, “The Washington Post”, CNN зэрэг гол хэвлэлүүд түүний талаар онцлон нийтэлжээ. Тэрбээр жүжигчний хувьд төдийлөн амжилтад хүрч чадаагүй ч амьдралын үнэ цэнийг харуулсан эр зоригийг нь онцолж, телевизийн олон ангит кино, подкастуудаар дамжуулан хорт хавдартай тэмцэж байсан түүхийг нь өгүүлсэн байна.
1971 онд Теннесси мужийн Мемфис хотод үл хөдлөх хөрөнгийн зуучийн охин болон мэндэлсэн Ш.Дохерти гэр бүлийн хамт поп соёлын төв Лос Анжелес руу нүүжээ. Гэрэлт царай, цээл хоолой, жүжиглэх ур чадвараараа кино найруулагчдын анхаарлыг татаж, 11 настайдаа “Хээрийн байшин” цуврал кинонд тоглож үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлсэн байна. Улмаар 1990 онд анх дэлгэцнээ гарсан "Беверли Хиллсийн хүүхдүүд" хэмээх залуусын амьдралыг харуулсан кинонд өөртөө итгэлтэй ахлах сургуулийн охин Бренда Уолшийн дүрд тоглосноор тухайн үеийнхээ өсвөр насныхны дунд хамгийн нэр хүндтэй од болсон юм. Үүний дараа 1995 онд тэрбээр Софи Марсогийн эзэмшдэг алдартай гоо сайхны брэндийн моделээр ажиллах болжээ. Жүжигчин бүсгүй гурван удаа гэрлэж салсан зэргээр хувийн амьдрал нь тийм ч таатай байсангүй. Дөчөөд насандаа хүндхэн амьдралтай тулжээ. 2015 онд 44 настай байхдаа нэгэн ярилцлагадаа хөхний хорт хавдраар өвчилсөн тухайгаа мэдэгдсэн байна. Түүнээс хойш энэ уршигт өвчинтэй олон жил тэмцэж, энэ тухайгаа олон нийттэй илэн далангүй хуваалцдаг байв. 2020 онд хорт хавдар нь дөрөвдүгээр шатандаа орж, тархи болоод ясанд үсэрхийлсэн байна. Гэсэн хэдий ч тэрбээр 2021 онд хорт хавдраар шаналж буй эх олон жилийн өмнө хүнд өргүүлсэн охиноо хайж байгаа тухай "List of My Life" кинонд тогложээ. Түүнээс гадна хорт хавдрын эсрэг идэвхтэй ажиллаж, өвчтөнүүдэд нийгмийн гишүүний хувьд хүмүүстэй харилцах орчин онцгой хэрэгтэй гэсэн мессежийг олон нийтэд хүргэж чадсан байна. Эерэг байдал, итгэл найдварын бэлгэдэл болсон тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн "Тодорхой байцгаая: Шаннен Дохертитэй хамт" нэртэй подкаст нэвтрүүлгийг хөтөлж, өөрийн бүтээсэн дүрүүд, хамтрагч жүжигчдийн тухай, мөн хорт хавдрын эмчилгээний талаарх ойлголт зэргийг сонсогчидтой хуваалцдаг байв. Өнгөрсөн 8-ны өдөр тэрбээр сүүлчийн нэвтрүүлгээ хөтөлжээ. "Беверли Хиллсийн хүүхдүүд" кинонд ихэр дүүгийнх нь дүрээр хамтран тоглосон жүжигчин Жейсон Пристли инстаграм хуудсандаа түүнийг дурсан "Тэр бол зориг тэвчээрийн бэлгэдэл байсан юм” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.