images

Их сургууль төгссөн хятад залуу хэрхэн ажилд хурдан оров?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-16


   Хятадад ажил хайж буй залуу намтраа бичсэн цамц өмсөн гадуур явсны эцэст маш хурдан ажилд орж чадсан байна. Хонгконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, тус улсын Хубэй мужийн Ухань их сургуульд газарзүйн чиглэлээр суралцаж төгссөн 20 гаруй насны залуу саяхан намтраа бичсэн цагаан цамц өмсөн олон нийтийн газраар явсан бөгөөд түүний цамцны энгэр талд “2024 оны төгсөгч ажил хайж байна. Ар талыг харна уу” гэсэн байжээ. Харин цамцны ар талд намтар, зураг, төгссөн сургууль, мэргэжлийн зэрэг, шагнал, хобби, зан чанараа дэлгэрэнгүй бичсэн байв. Түүгээр үл барам зураг дээрээ QR код байрлуулсан нь түүнтэй холбоо барихад илүү хялбар болгосон аж. Тэрбээр байгууллагуудад ажилд орох хүсэлт олон удаа гаргасан ч тэр болгонд татгалзсан хариу авсан байна. Улмаар төрөлх тосгонд нь нэгэн өндөр настан сурталчилгааны самбар барин гудамжаар алхаж явааг хараад санаа авч намтар, танилцуулгаа ийнхүү хувцсан дээрээ бичин гадуур алхаж хүмүүсийн анхаарлыг татах гэж оролджээ. Түүний хүссэн ёсоор энэ үйлдэл нь олны анхааралд өртөж, нэгэн хүн зургийг нь авч цахим сүлжээнд нийтэлснийг зөвхөн ”Douyin” платформ дээр 380 мянга гаруй хүн үзсэн байна. Улмаар нэлээд олон байгууллага түүнтэй холбогдсоноос биеийн тамирын хувцас үйлдвэрлэдэг компани түүнээс цахим орчинд нийтлэгдсэн зургийн эзэн мөн эсэхийг асуугаад “Та маркетингийн ер бусын авьяастай юм. Манай байгууллагад ажилд орооч” гэсэн хүсэлт тавьсны дагуу тэрбээр шууд ажиллаж эхэлжээ. Дээрх сонины мэдээлснээр Хятадын хөдөлмөрийн зах зээл улам бүр амаргүй болж байгаа бөгөөд энэ жил 11.58 сая оюутан их сургуулиа төгссөн нь өнгөрсөн оныхоос 820 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Үүнээс шалтгаалан 18-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 18 хувиас давсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.