Монголын циркчид Монте-Карлогийн наадмаас мөнгөн цом авлаа
Чихэнд чимэгтэй
2024-01-26
Монте-Карлогийн олон улсын циркчдийн 46 дахь удаагийн наадам энэ сарын 19-28-нд Монако улсад боллоо. Тус улсын ханхүү III Райниер 1974 онд анх зохион байгуулснаас хойш дэлхийн циркчдийн Олимп, “Оскар” хэмээн алдаршиж, энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж буй уг наадамд Монгол, Хятад, АНУ, Франц, Украин, Узбекистан зэрэг арав гаруй улсын циркчид өрсөлдсөн юм. Улмаар Монгол улсаа төлөөлөн оролцсон Т.Амартүвшин ахлагчтай “Troupe Amaraa” хамтлаг шидэх банзны үзүүлбэрээр “Мөнгөн алиалагч” цом хүртэв. Энэ шагналыг гурван хамтлаг авсны хоёр нь Узбекистаны агаарын гимнастикчид, Хятадын савлууртай үсрэгчид боллоо. Ингэснээр манай улс 1986 оноос хойш анх удаа энэ наадмаас “Мөнгөн алиалагч” шагналыг дахин авч байгаа юм. Өмнө нь эгч дүү уран нугараач Э.Эрдэнэтуяа, Э.Оюунчимэг нар хос уран нугаралтын үзүүлбэрээр “Мөнгөн алиалагч” авсан түүхтэй. Мөн “Troupe Zola” хамтлаг шидэх банзны үзүүлбэрээр 2020 онд “Хүрэл алиалагч” цом хүртжээ. Энэ наадамд сандал дээрх үзүүлбэрээр оролцсон Э.Лхагва-Очир тусгай шагнал авав. Сонирхуулахад, энэ жилийн “Алтан алиалагч” цомын эздээр Францын жонглёрчид, Италийн эгч, дүү акробатчид, сургуультай зааны үзүүлбэр үзүүлсэн циркчид тодорчээ. Харин “Шинэ үе” алтан цомыг Хятадын Ухань хотын акробатчид авсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.