Дундговь: 104 настай Ж.Нямдарь Гавьяат цол хүртэв
Чихэнд чимэгтэй
2024-01-15
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул, өндөр настан Жанлавын Нямдарьд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ. Өдгөө 104 настай тэрбээр Аж үйлдвэрийн комбинатыг анх байгуулагдахаас эхлэн хөнгөн аж үйлдвэрийн салбарт 43 жил ажилласан бөгөөд үйлдвэрлэл, экспортыг өргөжүүлэх, ноос ноолуурын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, ноосны үйлдвэрийг түүхий эдээр хангахад ихээхэн хувь нэмэр оруулжээ. Мөн тэтгэвэрт гарсныхаа дараа “Ноос импекс” компани, “Эсгий" хоршоо болон ахуйн цаасны үйлдвэрт 88 нас хүртлээ ажилласан байна. Тэрбээр 2020 онд ХХААХҮ-ийн сайд асан Ч.Улаанд ярихдаа “Би 6, 7 настайгаасаа хар бор ажилд нухлагдсан. 16 нас хүрмэгцээ аавыгаа дагаж адуунд явна. Зун 5-7 дугаар сарын дунд хүртэл тараг хоормогоор голдуу хооллож байгаад наадмын дараа айраг залгаад ууна. Эсгий хийх үед л нэг ямааны мах жаахан иднэ, зун намрын бусад үед мах идэхгүй буюу хааяа тааралдсан үед нь амсах төдий сонирхоно. Харин өвлийн улиралд голдуу, хонины хярамцагтай хоол идээд л малдаа явна даа. Ер нь мах, хоолыг бүр их цадталаа иддэггүй байсан. Цэргийн алба, түүний дасгал сургууль намайг чийрэг сайхан болгосон. Би ажил амьдралынхаа урт хугацаанд ямар ч хүнтэй уурлаж, ширүүн дориун харьцаж байгаагүй, ер нь ийм байдалд залуугаасаа дасал хэвшил болсон доо” хэмээн хуучилж байжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.