Шинжлэх ухаан технологийн сан судалгааны 4688 төслийг санхүүжүүлжээ
Чихэнд чимэгтэй
2024-01-11
Монгол улсад Шинжлэх ухаан технологийн сан Засгийн газрын 1993 оны 192 дугаар тогтоолоор байгуулагджээ. Энэ цагаас хойш шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, үр дүнг нь нийгэмд нэвтрүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэн өдгөө 30 жилийн нүүрийг үзэж буй тус байгууллага ойн баярын хурлаа өнгөрөгч мягмар гарагт “Чингис хаан” үндэсний музейд хийжээ. Энэ өдөр зохион байгуулагчид гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, "Шинжлэх ухаан-2023" сэтгүүлийн тусгай дугаарыг уншигчдын хүртээл болгосноос гадна зарим мэргэжилтнүүдийг Шинжлэх ухааны академи, БШУЯ-ны жуух болон "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнажээ.
Шинжлэх ухаан технологийн сан нь өнгөрсөн хугацаанд нийт 4688 судалгааны төслийг 156.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Үүний дотор 328 шинэ онол, 324 ашигтай загвар, 384 патент, 877 шинэ технологи, 973 стандарт, 790 шинэ бүтээгдэхүүн, 787 шинэ арга, аргачлал, 273 техник технологийн туршилтын загварыг тус тус гаргаж, 5838 өгүүллийг гадаадын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байна. Цаашдаа цахим технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлж, судалгаа боловсруулалтын ажлын тайланг ил тод болгон, үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх apra хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн тус сангаас мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.