Буудлагын тамирчин Э.Даваахүү Олимпод оролцох эрхээ авлаа
Чихэнд чимэгтэй
2024-01-08
Индонезийн нийслэл Жакарта хотноо энэ сарын 5-18-ны өдрүүдэд болж буй Олимпын эрх олгох буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хийн гар бууны төрөлд Монголын тамирчин Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, Олимпын эрх хүртсэнийг өнөөдөр Буудлага спортын холбооноос мэдээллээ. Тэрбээр нийт 55 тамирчинтай цэц мэргэнээ сорьсоноос 579 оноогоор финалд шалгарч, шигшээ буудлагад найман тамирчинтай өрсөлдсөн байна. Ингэснээр Э.Даваахүү ирэх зун Парист өрсөлдөх Монголын хоёр дахь буудагч болсон бөгөөд хоёр дахь Олимпдоо оролцох эрхээ аваад байгаа нь энэ юм. Түүнээс өмнө Монголын буудлага спортоос “Парис-2024” Зуны Олимпын наадмын эрх авсан нэг тамирчин буй нь О.Есүгэн юм. Индонезид болж буй эрх олгох тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байна. Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн буюу Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сард Бразилын Рио Де Жанейро хотод болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.