images

Франц: “Баавгай болохсон” киноны хөгжмөөр цомог гаргажээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-01-02


   Каннын кино наадмын шагналын (Un Certain Regard) эцсийн шалгаруулалтад нэр дэвшсэн Монголын анхны кино болох “Баавгай болохсон” киноны хөгжмийг Францын дуу бичлэгийн компани цомог болгон гаргажээ. Дэлхийн үндэстнүүдийн ардын язгуур урлагийн олон төрөлд голчлон анхаардаг “Buda musique” хэмээх энэ компани анх 1987 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 500 шахам цомог гаргасан байна. 2023 онд тус компани Баян-Өлгий аймгийн уугуул, хөөмийч Д.Батсүхийн “Ögbelerim, Music for My Ancestors” нэртэй цомгийг гаргасан юм. Тэгвэл энэ цомогт ажилласан Францын иргэн, угсаатны хөгжим судлаач Жоанни Кюртэ “Баавгай болохсон” киноны хөгжмийг бичсэн юм. Энэ нь Ж.Кюртэгийн анхны киноны хөгжим төдийгүй цомог нь ч өөрийн нэрээр гаргаж буй анхны цомог болж байна. Тэрбээр монгол хөөмийг дагнан судалж Францын “Рэнн 2” их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд тус улсын Обань хот дахь Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн (Institut international des Musiques du Monde) хөтөлбөр дэх монгол хөөмий, морин хуур хөгжмийн сургалтыг удирдаж байсан юм.

   “Баавгай болохсон” киног монгол хэлнээ орчуулсан Ш.Номиндарийн Фэйсбүүк хуудсаараа мэдээлснийг үзвэл уг цомог нэгдүгээр сарын 5-нд худалдаанд гарах бол кино нь Францын кино театруудад мөн сарын 10-наас эхлэн гарах ажээ. Сонирхуулахад, Ж.Кюртэ, Ш.Номиндарь нар Нант хотын “Katorza” кино театрт болох нээлтэд оролцон үзэгчидтэй уулзахаар төлөвлөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.