images

Монгол улс 3 жилийн дотор 13.3 их наяд төгрөгийн зээл төлөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-26


   Засгийн газраас өчигдөр Японы “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр төлж дуусгаснаа зарлав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэрээ “Манай Засгийн газарт цар тахлыг давж, дайны үед эдийн засгийн хүндрэлийг зохицуулж, авлигатай тэмцэж, бондуудын гадаад өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь цаг хугацааны түүхэн сорилт байлаа. Одоо энэ бүхэн Монгол улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн чухал нотолгоо болж байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр шим өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс эхэлж, өрх иргэн бүхэнд хүрэх суурь нөхцөл эдийн засгийн хувьд бүрдэж байна” хэмээн хэлжээ. Цар тахлын оргил үед -4.7 хувьтай байсан Монгол улсын эдийн засаг өдгөө 2023 оны урьдчилсан байдлаар 6.8 хувиар өсөв. Үүнийг дагаад нэг хүнд ногдох ДНБ 5.220 ам.долларт хүрснээр анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарсан байна. Мөн жил хагасын өмнө 2.7 тэрбум доллар байсан гадаад валютын нөөц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрээд байгаа ажээ. 

   Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хурилдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна. Ингэснээр  "Moody’s" агентлагаас манай улсын зээлжих зэрэглэлийг В буюу тогтвортой гэсэн үнэлгээнд хэвээр хадгалж үлдээжээ.

Гэрэл зургийг: Mongolia.gov.mn

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.