Францын кино компани Чингис хааныг энх тайванч хэмээн үзүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-12-13
Францын “Pernel Media” кино компани ирэх жил Монголд ирж баримтат киноны зураг авахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Сиэтл хотод болсон Шинжлэх ухааны болон баримтат контент бүтээгчдийн 23 дахь чуулган (WCSFP) дээр тус компани энэ төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Чингис хааныг цуст түрэмгийлэгч байсан гэдэг үзэл номлолоос ангид буюу Өрнө, Дорныг холбосон их гүрнийг байгуулж, дэлхий ертөнцийг өөрчилсөн их хаан байсныг анх удаа үзүүлнэ хэмээн киноны уран бүтээлчид уг уулзалт дээр ярьжээ. Киног хийхийн тулд тэд ирэх жил Монголын эртний нийслэл Хархорины туурийг судлах олон улсын томоохон экспедицтэй хамтран ажиллах онцгой эрхийг олж авсан бөгөөд уг экспедицийг Монголын археологичдоос гадна Германы мэргэжлийн судлаач Ян Бэмманн, Францын түүхч Мари Фавро нар удирдах гэнэ. Одоогоор нэр өгөөгүй байгаа уг кино тус бүр 45 минут үргэлжлэх хоёр ангитай байх аж. Киноны гүйцэтгэх продюсер Фабрис Франк энэ талаар хэлэхдээ “Монголын түүх, соёлыг дэлхий дахинд үзэж дүгнэдэг тогтсон ойлголтыг энэ экспедиц орвонгоор нь эргүүлэх болно. Чингис хааныг харгис түрэмгийлэгч, үй олноор хөнөөн устгагч, соёл иргэншлийн дайсан, ийм үйл хэргийн л бэлгэ тэмдэг гэж дэлхий даяараа ойлгодог бол бид энэ удаад түүнийг бүтээн байгуулагч, энх тайвныг тогтоогч, хөгжил дэвшлийг уухайлан дэмжигч, хөдөлгөгч байсныг нь нээн харуулахыг зорьж байна” гэжээ.
Франц, Их Британид төвтэй “Pernel Media” нь шинжлэх ухаан, түүх, танин мэдэхүйн сэдэвт баримтат киногоор төрөлжсөн Европын томоохон продакшн компанийн нэг юм. 2009 онд анх байгуулагдсан тус компани хамгийн сүүлд буюу энэ онд майячуудын түүх бичлэгийг 1500 жилээр урагшлуулсан археологичдын шинэ нээлтэд тулгуурлан “Rise and Fall of the Mayas” хэмээх дөрвөн анги кино хийсэн нь “National Geographic” болон Францын RMC Découverte, Histoire TV, Германы ZDF Info, Канадын TV5 Québec сувгуудаар гарчээ.
Зураг дээр: “Pernel Media” кино компани шинэ төслөө танилцуулахад ашигласан зурагтаа Чингис хааныг дүрсэлсэн нь.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.