images

Нэргүйн Энхбатын нэрэмжит “Том Трофи” цомыг боксчин Т.Энхтөр хоёр дахь удаагаа хүртлээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-12-11


   Монголын боксын спортын домогт тамирчин Нэргүйн Энхбатын нэрэмжит “Том Трофи” цомыг өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн Улсын аварга шалгаруулах тэмцээний 63.5 кг-ын жингийн аварга Т.Энхтөр хүртлээ. “Том Трофи” цомыг Н.Энхбатын дотнын анд, Монголын Олимпын хорооны зөвлөх Ж.Отгонцагаан нөхдийн хамтаар санаачлан өнгөрсөн оноос хойш УАШТ-ий 63.5 кг-ын жингийн аваргад олгож эхэлсэн бөгөөд анхны цомыг тухайн үед мөн жинд алтан медаль хүртсэн Т.Энхтөр хүртэж байжээ. 63.5 кг нь боксчин Н.Энхбатын дотоодын рингэнд төдийгүй олон улсад амжилт гаргаж байсан жин юм. Эдүгээ 24 настай Т.Энхтөр нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул, 2022 онд Герман улсад болсон Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. “Том Трофи” цомыг энэ жил 1.5 сая төгрөгийн шагнал дагалдсан бол дасгалжуулагч нь 500 мянган төгрөг хүртсэн байна. Н.Энхбатын нөхөд мөн цомын дагалдах шагнал болгож энэ тэмцээний 50 кг-ийн жингийн аварга, одоогоор Монголын эмэгтэй боксчдоос Олимпын цорын ганц эрх аваад буй О.Есүгэнийг 800 мянган төгрөг, түүний багшийг 400 мянган төгрөгөөр мялаажээ. О.Есүгэн нь өнгөрөгч есдүгээр сард болсон "Ханжөү 2023" Азийн наадмаас хүрэл медаль хүртсэнээр "Парис 2024" Олимпод оролцох эрхээ авсан билээ. Энэ удаагийн “Том Трофи” цомын мөнгөн шагналыг Н.Энхбатын найз нөхөд, ах дүүс, үр хүүхэд, төрөл бүрийн спортын тамирчид, дасгалжуулагчид нийт 32 хүний хандиваар босгосон талаар, цомыг санаачлагч Ж.Отгонцагаан манай сурвалжлагчид өнөөдөр ярилаа. “Том Трофи” хэмээх нь том гэсэн үгээс гадна Н.Энхбатыг дотнын нөхөд нь дууддаг байсан “Том” хэмээх хоч орсон нэр ажээ. Монгол улсын зургаан удаагийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, "Сөүл-1988" Олимпын хүрэл медальт боксчин Н.Энхбат 2021 онд 59 насандаа нас нөгчсөн билээ.

Гэрэл зургийг Otgontsagaan Jugder Фэйсбүүк хуудаснаас. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.