Эмэгтэй алба хаагчдын жирэмсний болон хүүхэд асрах хугацааг цэргийн алба хаасанд тооцно
Чихэнд чимэгтэй
2023-12-11
Өнгөрсөн долоо хоног болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Тус нэмэлт, өөрчлөлтөөр цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэн хуулийн хугацаа буюу 60 нас хүрэхээс өмнө нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж авах, эмэгтэй цэргийн алба хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцох, хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгоход нэг удаагийн тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг тусгасан байна. Мөн хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын алба хаагчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгааг сайжруулсан бөгөөд хуулийн нэмэлт өөрчлөлт ирэх оны эхний өдрөөс эхлэн хэрэгжинэ хэмээн ЗХЖШ-аас мэдээлэв. Мөн УИХ-ын чуулганаар мэргэжлийн цэргийн бүрэлдэхүүнд эмэгтэй албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, дотоодын цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн үзлэгийг цэрэг татлагын үеэр болон алба хаах хугацаанд тогтмол хийж, цэргүүдэд бие бялдар, сэтгэл зүйн ур чадвар, мэргэжил олгох сургалтыг зохион байгуулахад анхаарах талаар хэлэлцсэн байна. Түүнчлэн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хилийн цэргийн алба хаагчдын ар гэрийн нийгмийн баталгаа, сум орон нутагт ажиллах боломжийн талаар "Засгийн газрын гишүүд оны эхэнд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулдаг. Энэ хүрээнд хилийн цэргийн албан хаагчдын гэр бүлийн хүмүүсийг ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэх боломжтой" хэмээн мэдэгджээ.
Гэрэл зургийг: Vip.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.