images

"Монголын урлаг" үзэсгэлэн 2027 онд Их Британийн Эзэн хааны Урлагийн академид гарна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-11-24


   Монголын эзэнт гүрэн дэлхийн урлагт ямар нөлөө үзүүлснийг илтгэх “Монголын урлаг” үзэсгэлэн Их Британийн Эзэн хааны Урлагийн академийн галлерейд 2027 онд гарахаар боллоо. Үзэсгэлэнгийн бэлтгэлийг өнгөрсөн оны зургаадугаар сарын 28-нд тус академид албан ёсоор эхлүүлсэн байна. Анх энэ үзэсгэлэнг гаргах санаачилга 2019 оны зун гарсан ч цар тахлын улмаас хойшилжээ. Тиймээс цар тахал намжсаны дараа буюу 2022 оны тавдугаар сарын 25-нд Эзэн хааны Урлагийн академиийн үзэсгэлэнгийн зөвлөл тус үзэсгэлэнг гаргахыг зөвшөөрснөөр бэлтгэл ажил эхэлсэн аж. Тэгвэл энэ удаа Лондонд тоглож буй “Монгол хаан” жүжгийн нээлтэд оролцохоор очсон Соёлын сайд Ч.Номин тус академийн захирал Аксель Рюгертэй уулзаж, үзэсгэлэнг гаргах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр дөрвөн жилийн дараа Лондон хотноо дэлхийн олон орноос авчирсан Монголын эзэнт гүрний нөлөөгөөр бүтсэн урлагийн бүтээлүүдийг гурван сарын хугацаанд дэлгэхээр болов. Үүнд, Хятадын хуйлдаг зураг, Перс, Европ дахь бичгийн дурсгал, шаазан, металл эдлэл, торго зэрэг төрөл бүрийн бүтээл багтах ажээ. Тэгвэл “Монголын урлаг” үзэсгэлэнгийн төслийн удирдагчаар Лондоны SOAS их сургуулийн профессор Шэйн МакКауслэнд, дагалдан дэглээчдээр Эзэн хааны Урлагийн академийн Рэбэкка Брэй, Адрян Локк, “The Courtauld” урлагийн хүрээлэнгийн Сюзан Бабэй нар ажиллаж байна. Лондоны Эзэн хааны Урлагийн академи нь өдгөө 250 гаруй жилийн настай, дэлхийн хамгийн том зуны болон зургийн үзэсгэлэнг гаргадаг, жил бүр 1.2 сая жуулчин хүлээж авдаг дэлхийн томоохон урлагийн байгууллагуудын нэг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.