ОХУ: Монгол дуучид "Орфей" уралдааны нэг, гуравдугаар байрыг эзэллээ
Чихэнд чимэгтэй
2023-11-17
Бүгд Найрамдах Чечень улсын Грозный хотноо энэ сарын 13-17-ны өдрүүдэд ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын нэрэмжит "Орфей" олон улсын уралдаан зургаа дахь удаагаа болж өндөрлөлөө. Энэ жил тус уралдаанд Монголын 17 дуулаачийг оролцуулахаар уралдааны зохион байгуулагчид руу мэдүүлэхэд, 11 дүгээр сарын 4-нд 12 хүнийг уралдаанд оролцуулах боломжтойг мэдэгдсэн юм. Ингэснээр УДБЭТ-ын залуу дуучин Х.Бямбарагчаа, Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр, Булган аймгийн театрын гоцлол дуучин Б.Гантөмөр, дуучин Н.Аззаяа тэргүүтэй дуулаачид эх орноо төлөөлөн "Орфей" олон улсын уралдаанд 200 гаруй уран бүтээлчидтэй өрсөлдсөн юм. Тэднээс залуу дуучин Х.Бямбарагчаа, Б.Дэлгэрбаяр нар шилдэг 16-д багтаж, хүндэтгэлийн гала тоглолтод дуулан тэргүүн болон гуравдугаар байрын эзэд боллоо.
М.Магомаев нь Зөвлөлтийн болон Азербайжаны дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолч нэгэн юм. Түүний дурсгалд зориулсан “Орфей” уралдаан нь 2017 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй олон улсад нэр хүндтэй томоохон уралдаануудын нэг билээ. Тиймээс энэ уралдаанд ОХУ-ын хязгаар нутаг, гадаадын орнуудаас дуурийн шилдэг гоцлол дуучид ирж оролцон, М.Магомаевын дуунуудаас толилуулж, өрсөлддөг байна. Энэ жилийн уралдааны “Гран при" шагналын эзэн, Чеченийн Соёлын яамны нэрэмжит шагналыг хүртсэн оролцогч хоёр тус бүр 150 мянган рублээр шагнуулжээ. Тус уралдаанд өмнөх жилүүдэд нийт 4000 гаруй уран бүтээлч оролцсон гэх тоо бий. Манай улсаас гэхэд өнгөрсөн жилийн Чечений Соёлын яамны нэрэмжит шагналыг Л.Түвшинсайхан, дэд байрын шагналыг Д.Совд нар хүртсэн түүхтэй.
Гэрэл зургийн эх сурвалж: УДБЭТ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.