АНУ-ын кино театруудаар анх удаа Монголын аймшгийн кино гарав
Чихэнд чимэгтэй
2023-11-02
2022 оны хоёрдугаар сараас Монголын кино театруудаар нээлтээ хийсэн "Aberrance" буюу “Этгээд" кино өнгөрсөн сарын 6-наас АНУ-ын кино театруудаар гарч эхэлсэн билээ. Тус дэлгэцийн бүтээл нь аймшгийн төрлийн монгол кинонуудаас анх удаа АНУ-д гарч буй юм. Уг кинонд жүжигчин Ж.Оюундарь, Н.Ялалт, Г.Эрхэмбаяр, С.Ариунбямба Ч.Сэлэнгэ, Б.Бадамцэцэг, Б.Баярсанаа нар дүр бүтээсэн билээ. Мөн киног бүтээхэд Монголын уран бүтээлчдээс гадна АНУ-ын “Three flames pictures” компанийн продюсерууд ажилласан байна. Түүнчлэн уг киног 2024 оны нэгдүгээр сараас "Amazon prime", "Hulu" зэрэг АНУ-ын IPTV, OTT үйлчилгээний платформууд дээр борлуулахаар болжээ.
Тус киноны ерөнхий найруулагч Б.Баатар АНУ-ын "Castle talk" подкастад оролцох үеэрээ “Монгол улс бол НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглалын дагуу хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үндсэн эрхээ бүрэн хэрэгжүүлдэггүй дэлхийн цөөхөн орны нэг. Харамсалтай нь, манай улсад хорт хавдар, зам тээврийн осол, амиа хорлолтоор нас барагчдын тоо заримдаа дайнд нэрвэгдсэн орнуудынхаас өндөр байдаг. Энэ нь бидний амьдралыг ямар хямдхан байгааг харуулж байна. Би үүнд маш их эмзэглэж, уран бүтээлээрээ асуудлыг хөндөхийг зорьсон” хэмээн хуваалцжээ. Найруулагч Б.Баатар нь “Ар хударга”, “Зангараг”, “Үргээлэг-2”, “Яллагч”, “Хийморь”, “Сүүн замын сахиул”, “Зориг” зэрэг кинонд ерөнхий зураглаачаар ажиллаж байсан билээ. Мөн түүний ажилласан “Хийморь” кино нь Германы Олденбургийн наадмаас “Кино урлагийн амин сүнс” шагнал хүртэж, Оскарын наадмын “Шилдэг гадаад кино” төрөлд нэр дэвших эрхийг авч байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.