images

Цагаан суваргад аялал жуулчлал, судалгааны цогцолбор байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-31


  Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Цагаан суварга орчмын 40га талбайд палеонтологийн нөөцөд тулгуурлан аялал жуулчлал, судалгааны цогцолбор байгуулахаар болжээ. Тус ажлын зураг төсөв, ТЭЗҮ-ийг хийж гүйцэтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Дундговь аймгийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт хүлээн авч уулзсан байна. Тэд уулзалтаар зураг төслийг боловсруулах ажилд орон нутгийн аялал жуулчлалын байгууллагууд, соёлын бүтээлч үйлдвэрлэгчид, мэргэжлийн байгууллагын төлөөлөл, иргэдийг анхан шатнаас нь оролцуулж, санал авах, сургалт олгох, нийтэд мэдээлэл тогтмол өгөх зэргээр оролцоог хангахаар тохиролцжээ. Мөн уулзалтын дараагаар цогцолбор байгуулах газарт очиж байршлын судалгаа хийжээ. Палеонтологийн нөөцөд тулгуурласан уг аялал жуулчлалын цогцолбор нь эрдэм шинжилгээ, аялагчид, орон нутгийн оролцоонд гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх юм. Түүнчлэн уг төслийн судалгаа, зураг төслийг гүйцэтгэх 600 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас шийдвэрлээд байгаа юм. Цогцолборын гүйцэтгэгч компаниар "Ланд овнер" ажиллах бол ажлын хэсэгт Эдийн засаг, хөгжлийн яамны хуулийн хэлтсийн шинжээч Д.Должинсүрэн, Бүс нутаг, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Сугир, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Идэрсайхан, Монголын Палеонтологийн олдворыг хамгаалах нийгэмлэг ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Майнбаяр, Дэл уулын гайхамшиг ТББ-ын тэргүүн Б.Батмөнх нар багтаж байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.