Монгол, Хятад цэргийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-10-30
Хятадын цэргийн дипломат харилцааны “Шяншань” форумд улс орнуудын Батлан хамгаалахын сайд нар оролцож байна. Тус форум энэ жил арав дахь удаагаа болж буй бөгөөд албан ёсоор өчигдөр эхэллээ. Манай улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус форумд оролцож, аравдугаар сарын 28-нд Хятадын ардын армийн генерал Жан Юшятай уулзав. Энэ үеэр Ж.Юшя “Монгол, Хятадын харилцаа сүүлийн хэдэн жилд эрчимтэй хөгжиж байна. Дараа жил хоёр улс дипломат харилцаатай болсны 75 жилийн ой тохиохын хамт хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсны 30 жилийн ой тохионо” гэв. Улмаар тэр Хятадын цэргийн байгууллага Монголын цэргийн байгууллагатай солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Ши Жиньпиний санаачилсан Дэлхийн аюулгүй байдлын санаачлагыг хамтран хэрэгжүүлэн, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд эерэг хувь нэмэр оруулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Үүний хариуд Г.Сайханбаяр сайд Монгол улс Дэлхийн аюулгүй байдлын санаачлагыг тууштай дэмжиж, хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр улс, цэрэг хоорондын харилцааг эрүүлээр хөгжүүлэхэд таатай байгаагаа хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.