Дүрслэх урлагийн оны шилдгүүд тодорлоо
Чихэнд чимэгтэй
2023-10-26
Дүрслэх урлагийн музейд энэ сарын 11-25-ны өдрүүдэд оны шилдэг бүтээлийн үзэсгэлэн үзэгчдийн мэлмийд хүрлээ. Тус үзэсгэлэнгийн нэгдүгээр шатанд уран зураг, график, уран баримал, сийлбэр, инсталляци, холимог техникийн төрлөөр нийт 81 уран бүтээлч 99 бүтээлээ сойжээ. Үүнээс мэргэжлийн зөвлөл 63 бүтээлийг шалгаруулж үзэсгэлэнд дэглэсэн байна. Тэгвэл өчигдөр Уран зургийн галерейн их танхимд шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө. Энэ оны шилдэг бүтээлд керамик барималч Н.Сүхбүрэнгийн 2023 оны “Инээмтгий хайр” бүтээл шалгарчээ. Уг бүтээл нь Швейцарын Цюрих хотод 11 сард гарах бие даасан үзэсгэлэнгийн хамгийн гол бүтээлийнх нь эх загвар юм. Түүнчлэн уран сийлбэрч М.Мөнхзулын 2022 оны Монгол улсын цэргийн жанжин Дамдинсүрэн Манлайбаатарын “Манлайбаатар” модон сийлбэр, Уран бүтээлч Т.Даваасамбуугийн 2023 оны “Тоонот” хүрэл цутгамал тус тус шалгарчээ. Дашрамд дурдахад, оны шилдэг бүтээлүүдийг улсын санд худалдан авах бөгөөд энэ журмын дагуу 2006 оноос хойш 147 шилдэг бүтээлийг улсын сан аваад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.