Монгол, Францын талууд литийн хайгуулын 400 мянган еврогийн үнийн дүн бүхий гэрээнд гарын үсэг зурлаа
Чихэнд чимэгтэй
2023-10-13
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 10-14-ны өдрүүдэд Франц улсад айлчилж байгаа билээ. Энэ айлчлалын үеэр Ерөнхийлөгч Нант хотын түүхийн музейд гарч буй Чингис хааны үзэсгэлэнг нээсэн бол холбогдох албаны хүмүүс Онцгой байдал, геологи, уул уурхай, цахим хөгжлийн салбарт хамтран ажиллах гэрээнүүдэд гарын үсэг зурсан юм. Тухайлбал, Монгол улсын Засгийн газар, Францын төрийн өмчит “Орано майнинг” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурлаа. Уг протоколд Монголын талаас “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Францын талаас “Орано групп” компанийн ерөнхий захирал Клод Имовен нар гарын үсэг зурсан юм. “Орана майнинг” нь хуучнаар “Арева” компани бөгөөд Монголын баруун урд хэсэгт орших Зөөвч-Овоогийн уурхайн төслийг “Бадрах Энержи” компанитай хамтран хэрэгжүүлнэ. Тэгэхээр протоколд гарын үсэг зурсан гэдэг нь хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг сая баталсныг хэлэх бөгөөд уран олборлолтын тухай бүрэн хөрөнгө оруулалтын гэрээг энэ оны эцсээр эцэслэн байгуулах ажээ. Учир нь, тус гэрээг байгуулахаас өмнө Францын “Thales Alenia Space” компанийн харилцаа холбооны хиймэл дагуулыг Монголын тал худалдаж авна. Энэ тухай харилцан ойлголцлын санамж бичигт манай талаас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Францын талаас “Thales Alenia Space” компанийн гүйцэтгэх захирал Эрвэ Дэррэй нар гарын үсэг зурав. Тус компаниас хиймэл дагуул худалдаж авахад зориулж Францын Засгийн газраас манай улсад зээл олгох юм.
Мөн уран олборлолтын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахын өмнө литийн орд эрэн хайх төсөл Монголд хэрэгжүүлэхээр болж, энэ тухай гэрээ байгууллаа. “Reuters” агентлагт Францын албаны хүмүүсийн мэдээлснээр уран олборлолтын гэрээний эхний шатанд тус улс 400 мянган евро буюу 422120 долларын хөрөнгө оруулж, геологийн хайгуулын үйлчилгээний BRGM компанитай хамтран Монголд литийн орд олох судалгаа хийхээр болжээ. Үүнийг тус агентлаг “Франц улс пүрэв гарагт Монголын талтай литийн хайгуулын гэрээнд гарын үсэг зурж, Азийн оронд уран олборлоход нэг алхам ойртлоо” хэмээн мэдээлэв. Лити нь цахилгаан автомашины тэжээл буюу батарейн үйлдвэрлэлд чухал шаардлагатай гол элемент юм. Дэлхий дээр ховор оршдог энэ элемент өндөр технологийн үйлдвэрлэлийн үйл явц, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой бөгөөд Франц улс нутгийнхаа хойд хэсэгт орших Данкиркэд цахилгаан автомашин, батарейны төв байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн Монголоос уран олборлож цэвэр эрчим хүчний салбараа хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Мөн Монгол, Францын уран олборлох тухай бүрэн хөрөнгө оруулалтын гэрээний үнийн дүн нэг тэрбум еврод хүрэх боломжтой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.