images

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зааны арьсаар хийсэн монгол гутал өмсчээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2023-09-08


   Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын Пап Францисыг хүлээн авахдаа өмссөн монгол гутлыг зааны арьсаар хийжээ. Гутлыг Монголын “Хамниган арт” компани урласан бөгөөд байгалийнхаа жамаар үхсэн зэрлэг зааны арьсаар бүтээгдэхүүн хийж борлуулаад олсон орлогоосоо уг амьтныг хамгаалах үйлсэд зориулдаг хэмээн компанийн танилцуулгад бичжээ. Мөн тус компани манай оронд байдаггүй өвөрмөц амьтдын түүхий эд, тухайлбал заан, матар, могойн арьс, одос үхрийн эвэр, анаашны яс, цагаан зандан модоор бурхан шүтээн, гаанс, савх, бүс, бүсний толь, гутал хийдэг байна. “Хамниган арт” компани Өвөр Монголын Хөххотод болж буй Монгол-Хятадын үзэсгэлэн яармагт оролцон бүтээгдэхүүнүүдээ танилцуулж буй бөгөөд өвөрмөц содон тэдгээр бүтээгдэхүүний талаар Хятадын хэвлэлүүд онцлон мэдээлж байгаа ажээ.

   Дэлхийн зах зээлд зааны арьсан бүтээгдэхүүн багагүй эрэлттэй байдаг бөгөөд Африкийн Танзани, Кени, Ботсвана, Зимбабвэ, Намиб зэрэг улсууд зэрлэг зааны боловсруулаагүй арьсыг хилийн чанадад гаргадаг байна. Европын хамгийн том импортлогчид нь Нидерланд, Герман, Итали улс бол Азиас Хятад, Тайвань, Энэтхэг улсууд зааны арьсыг их хэмжээгээр авдаг ажээ. Зааны арьсны худалдаа нь олон улсын болон тухайн орон, мужийн холбогдох хуулиар зохицуулагддаг. Энэ арьсаар гол төлөв гутал, хутганы хуй, бууны гэр, тэлээ, мотоциклийн суудал, хэтэвч, бильярдын цохиур хийдэг байна.      

Гэрэл зургийн эх сурвалж: news.mn

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.