images

Өмнөговь: Монгол шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгүүлсэн Д.Басхүүгийн эд зүйлсийг музейд хандивлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-08-30


   Монгол улсын үлэмж дархан мэргэн, СГЗ Должидын Басхүү агсны нэрэмжит “Гурван сайханы тойром харваа” шагайн харвааны нээлттэй тэмцээн өнгөрсөн өдрүүдэд боллоо. Энэ үеэр түүний эдэлж хэрэглэж байсан шагайн харвааны хашлага, сумны цуглуулга, өмсөж байсан малгай, 40 гаруй жилийн спортын амжилт, одон медаль, цол чимгүүд, гэрэл зургуудыг анх удаа олон нийтэд дэглэн үзүүлсэн байна. Улмаар тэмцээний сүүлийн өдөр үлэмж дархан мэргэний залаа, тэмдэг бүхий малгай, одон медалиуд, хашлага сумны цуглуулгыг нь түүний ач Г.Баатархүү, охин Б.Дэлгэрцэцэг нар орон нутгийн музейд хандивлажээ. 

    Д.Басхүү нь Монголын шагайн харвааны холбоог байгуулахад хамтран зүтгэж, харваачдад цол зэрэг олгох, тэмцээн уралдаануудыг тогтмолжуулах, шагайн харвааг Үндэсний их баяр наадмын дагавар төрөл болгоход үнэтэй хувь нэмрээ оруулсан түүхтэй. Тэрбээр монгол шагайн харвааг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхэд бие төлөөлөгчөөр ажиллаж, 2014 онд Франц улсад очиж, харваачидтайгаа хамт жагсаалтад бүртгэх хуралд оролцохоос гадна 2008 онд АНУ-д анх удаагаа шагайн харваагаа сурталчлахаар Монгол улсаа төлөөлөн явж байсан түүхтэй. 2017 онд түүний алдрыг тэмдэглэх, Өмнөговь аймгаас төрөн гарсан "Үлэмж дархан мэргэн" цолтнуудад хүндэтгэл үзүүлэх анхдугаар шагай харваанд Улаанбаатар болон Өмнөговь аймгийн 10-87 насны 270 гаруй харваачдын 20 гаруй баг цэц мэргэнээ сорьж байсан юм. 

Гэрэл зургийн эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.