images

103 настай эмээ хавч агнасаар байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-26


     АНУ-ын Мэн мужийн Рокланд хотын далайн эрэг дээр 95 жилийн турш хавч барьдаг ажил эрхэлсэн Виржиниа Оливер саяхан 103 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн тухай “Washington Post” сонин танилцуулжээ. Тэрбээр насаараа энэ нутагт сууж 1928 оноос хойш өдгөө хүртэл зөвхөн хавч агнуурын ажил эрхэлж иржээ. 2021 онд нэгэн телевиз "Хавч агнагч хатагтайтай хийсэн яриа" нэртэй баримтат киног бүтээж, эмээгийн түүхийг багтаасан ном бас гаргасан байна. Найзууд нь түүнийг "Гвиней" гэж хочилж дууддаг ч олон нийтийн дунд "Хавч агнагч хатагтай" гэдгээрээ алдартай ажээ. Тэрбээр "Бүх насаараа ганцхан энэ ажлыг хийж ирлээ. Нэг ч удаа өвдөж байгаагүй" хэмээн өндөр нас, эрүүл биеэрээ бахархан ярьжээ. Тэр найман наснаас эхлэн загасчин аавыгаа даган далайд гарч эхэлсэн бөгөөд энэхүү ажлаа эрхэлсээр нас биед хүрч гэр бүл зохиогоод нөхөртэйгөө 61 жил хамт ажилласан байна. Нөхөр нь түүнийг "Хөлгийн ахмад" хэмээн хүндэтгэн нэрлэж 9 метр гаруй өндөртэй загас агнуурын онгоцоо түүний нэрээр "Виржиниа" гэж нэрлэжээ. Улмаар нөхөр нь 2006 онд нас барсаас хойш тэрбээр хүүтэйгээ 17 жил мөн л хавч агнасаар ирсэн байна. Хүү энэ жил 80 нас хүрчээ. Хатагтай В.Оливер "Би хүүтэйгээ хамт байгаадаа баяртай байна" гээд хавчны улиралд долоо хоногийн гурван өдөр далайд гардаг тухайгаа хэлсэн байна. Хавчны улирал ихэвчлэн зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг бөгөөд саяхан хавч барих лицензээ шинэчилж авсан тэрбээр удахгүй далайд гарахаар яаран байгаагаа хэлжээ. Тэр бол тус мужийн загасчны тосгоны зуун жилийн амьд түүх юм. Мэн муж бол Америкийн хавч агнуурын төв бөгөөд ихэнх оршин суугч хавч агнаж боловсруулах үйлдвэрт ажилладаг аж. “Хатагтай В.Оливер бол АНУ-ын Мэн мужийн төдийгүй дэлхийн хамгийн эртний хавчны анчин юм” гэж тус сонин мэдээлсэн байна. Тэрбээр тэнгис далайн амаргүй орчинд ажилладаг хатуу чанга загасчин боловч хүүхдүүд, ач зээ нартайгаа байхдаа хамгийн халамжтай ээж, эмээ болдог ажээ. Одоо ч бямба гариг ​​бүр хүүхдүүдээ гэртээ ирэхэд нь өөрөө жигнэмэг, пицца хийж дайлдаг гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.