Жо Байден, Нарендра Моди нарын уулзалт сүр дуулиантай, үр өгөөжтэй болов
Анд нөхдийн мэдээ
2023-06-23
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалаар хоёр улс цэрэг арми, технологи, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх тухай ярилцсан байна. Тэдний батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд АНУ-ын “General Atomics” компанийн үйлдвэрлэдэг "MQ-9B SeaGuardian” дроны захиалгыг нэмэгдүүлэх, АНУ-ын тэнгисийн цэргийн усан онгоцны томоохон засвар үйлчилгээг Энэтхэгт хийх тухай хэлэлцээр багтаж байна. Улмаар “General Electric” компани Энэтхэгтэй хамтран байлдааны нисдэг тэрэгний хөдөлгүүр үйлдвэрлэхээр болов. Мөн хоёр улс хагас дамжуулагчийн гэрээ хийсэн бөгөөд чип үйлдвэрлэгч “Lam Research” компани Энэтхэгийн 60 мянган инженерийг сургалтад хамруулахаа мэдэгдэв. Түүнчлэн хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Applied Materials” компани Энэтхэгт хагас дамжуулагчийн арилжаа, инновацийин шинэ төв нээхээ мэдэгдэхтэй зэрэгцэн “Micron Technology” компани энэ салбарт 800 сая долларын хөрөнгө оруулна гэлээ. Тэгвэл Энэтхэгийн компаниуд Калифорниад эрчим хүчний, Охайод гангийн, Хойд Каролинад кабелийн утасны үйлдвэр барих хоёр тэрбум гаруй долларын төсөл хэрэгжүүлэх аж.
Мөн лхагва гарагийн орой болсон уулзалтын үеэр Ж.Байден Н.Модид хуучны америк камер, АНУ-ын унаган байгалийн гэрэл зургийн ном, Роберт Фростын шүлгийн цуглуулгын анхны хэвлэлийг бэлэглэжээ. Үүнээс өмнө ерөнхий сайд Конгрессийн ордонд мягмар гарагийн үдийн үед ирсэн бөгөөд орой нь олон зуун алдартан, бизнесийн төлөөлөгчидтэй хүлээн авалтад оролцсон байна. Энэ үеэр Грэммийн шагналт хийлч Жошуа Бэлл, Пэнн Масала нар хөгжимджээ. Мөн Н.Моди Нью-Йоркт Илон Масктай уулзсан бөгөөд тус хоёр улс сансар судлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон юм. Улмаар Энэтхэгийн сансрын нисэгчид ирэх жил олон улсын сансрын станцад очиж ажиллахаар боллоо. Иймээс Н.Моди хоёр орны хамтын ажиллагааг “ ... сансар огторгуйгаар хязгаарлагдахгүй” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.