Аун Сан Су Чи 78 нас хүрлээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-19
Өнөөдөр Мьянмарын улс төрийн зүтгэлтэн Аун Сан Су Чигийн 78 насны төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд тэрбээр тус улсын нийслэл Нейпьидо дахь шоронд ганцаарчлан хоригдож байна. Түүнийг хуулийн 19 зүйл заалтаар буруутган өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийт 33 жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд Дээд шүүх авлига авсан, сонгууль будлиантуулсан, улсын нууц задруулсан зэрэг хэргийг дахин хянаж үзэхээр болсон юм. Хэрэв Дээд шүүх эдгээр зүйл ангийг цагаатгавал нийт ялын хэмжээнээс 13 жил хасан 20 болгож бууруулах боломжтой байгаа аж. Тэрбээр өмнө нь 1989-2010 он хүртэл 21 жил Мьянмарын цэргийн засаглалын хараа хяналт дор гэрийн хорионд хоригдож байжээ. Түүний төрсөн өдрөөс нэг өдрийн өмнө буюу 18-ны өдөр Японы Токио зэрэг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Аун Сан Су Чиг дэмждэг Мьянмарын иргэд түүний 78 насны төрсөн өдрийг тохиолдуулан залбирлын цуглаан хийжээ. 2020 оны тус улсын бүх нийтийн сонгуулиар Су Чигийн тэргүүлсэн Ардчилсан үндэсний холбоо 1117 суудлын 920 суудал буюу 82 хувийн санал авч ялалт байгуулсан түүхтэй. Гэвч тус улсын цэргийнхэн энэхүү сонгуулийг хууль бус болсон хэмээн зарлаж 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр цэргийн эргэлт хийн засгийн эрхийг хүчээр авч түүний тэргүүлсэн Ардчилсан үндэсний холбооны удирдагчдийг баривчилж, эсэргүүцсэн иргэдийг хүчээр дарсан юм. Олон улсын хүний эрхийн байгууллагын мэдээлснээр тухайн үеийн цэргийн эргэлтээр 3300 гаруй хүн амиа алдаж, 23 мянган хүн баривчлагдсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.