"Дэвүүр барьсан бүсгүй" дуудлага худалдаанд орно
Анд нөхдийн мэдээ
2023-06-16
Австрийн зураач Гюстав Климтийн сүүлчийн бүтээл болох "Дэвүүр барьсан бүсгүй" зураг дуудлага худалдаанд орохоор болжээ. CNN агентлагийн мэдээлснээр, “Sotheby's” компани уг дуудлага худалдааг ирэх 27-ны өдөр Лондонд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг бүтээлийг 80 орчим сая долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолж байна. Уг зураг нь 1918 онд Г.Климтийг нас барахад урланд нь байсан хоёрхон зургийн нэг бөгөөд алдарт зураачийн сүүлчийн бүтээл хэмээн “Sotheby's” компани танилцуулжээ. Мөн түүний бусад бүтээлээс ялгаатай нь хааш хаашаа нэг метрийн хэмжээтэй бөгөөд захиалгаар, арилжааны зорилгоор зураагүй, зураач өөрийн урланд хадгалж үлдсэн цөөхөн бүтээлийн нэг хэмээн CNN мэдээлжээ. “Artnet” сэтгүүлийн мэдээлснээр, энэхүү зургийг Г.Климтийн ивээн тэтгэгч, найз Элвин Бохле хадгалж байсан бөгөөд одоогийн эзэн нь 1994 онд дуудлага худалдаанаас 12 сая доллароор авсан байна. Г.Климтийн бүтээлүүдийн үнэ цэнэ сүүлийн 20 жилд огцом өсчээ. Нэгэн цагт “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Пол Аллений эзэмшилд байсан Г.Климтийн "Хусан ой" зураг дуудлага худалдаанд орж 140 сая доллароор зарагдаж байсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.