Болгарын зохиолч Бүкерийн шагнал хүртлээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-24
Болгарын зохиолч Георгий Господиновын "Time Shelter" ном дэлхийн утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналын нэг Бүкерийн шагналыг хүртлээ. Энэхүү бүтээлийг англи хэл рүү орчуулсан орчуулагч Анжела Родель мөн шагналыг хүртсэн байна. Бүкерийн шагналыг утга зохиолын салбарын Нобель, Францын Гонкурын шагналын хамт бичигдэх дэлхийн утга зохиолын гурван том шагналын нэг гэж үздэг. Тус шагнал нь 2005 онд англи хэлээр ярьдаггүй орны зохиолчдын бүтээл, тэдгээрийн англи хэл дээрх орчуулгад зориулагдан гарч ирснээрээ онцлог бөгөөд зохиолч, орчуулагч хоёуланг нь шагнадаг ажээ. Тэгвэл энэ жил анх удаа болгар хэл дээрх зохиол шагнал хүртэв. Г.Господинов бол Болгарын яруу найрагч, жүжгийн зохиолч бөгөөд энэхүү бүтээл нь хэвлэгдсэн даруйдаа дотооддоо өндөр борлуулалттай номын тоонд багтсан байна. Бүкерийн шагналын шүүгчдийн тэргүүн Лайла Слимани "Энэ зохиол нь инээдэм, уйтгар гунигаар дүүрэн юм. Бидний дурсамж бүдгэрэх үед бидэнд юу тохиолдох вэ гэсэн гүн ухааны асуулт гаргаж тавьжээ” гэв. Өнгөрсөн жилийн тус шагналыг хинди хэлээр бичсэн "Элсний булш" номын зохиогч Гитанжали Шри хүртэж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.