images

Чин гүрний сүүлчийн эзэн хааны зүүж байсан бугуйн цаг дуудлага худалдаагаар зарагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-24


     Хятадын Чин гүрний сүүлчийн эзэн хаан Пү И-гийн зүүж байсан "Patek Philippe" брэндийн бугуйн цаг Хонконгод болсон дуудлага худалдаанд орж 48,9 сая хонконг доллар буюу 6.2 сая америк доллароор борлогджээ. Энэ нь тус дуудлага худалдаагаар гурван сая ам.доллар хүрнэ гэж тооцоолж байсан үнээс давсан хэрэг бөгөөд цагийг авсан хүний тухай мэдээлэл тодорхойгүй байна. 1851 онд Швейцарт үүсгэн байгуулагдсан "Patek Philippe" компани нь дээд зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч дэлхийн тэргүүлэх гурван компанийн нэг юм. “Philips Asia” компанийн хэлтсийн дарга Томас Пераччи “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа "Энэ бол эзэн хаадын зүүж байсан бугуйн цагнуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь" гэжээ. Үүнээс өмнө 2017 онд Этиопын сүүлчийн эзэн хаан Хайле Селассиегийн “Patek Philippe” брендийн цаг 2.9 сая доллараар зарагдаж байв. Пү И 1908 онд хоёр настайдаа Чин гүрний 12 дахь эзэн хаан болсон ч Цинхайн хувьсгалаар 1912 онд хаан ширээнээсээ буусан юм. Дараа нь 1934 онд Японы байгуулсан Манж-Го улсын эзэн хаан болсон ч олзлогдон ЗХУ-ын шоронд сууж байгаад 1950 оны наймдугаар сард Хятадад эргэн ирж есөн жил шоронд хоригджээ. Түүний амьдралаар Италийн найруулагч Бернардо Бертолуччи 1987 онд "Сүүлчийн эзэн хаан" нэртэй уран сайхны кино хийсэн нь "Оскар"-ын шагналд есөн төрөлд дэвшээд бүгдийг нь хүртсэн юм. Дуудлага худалдаанд орсон энэхүү цагийг тэрбээр ЗХУ-д олзонд байхдаа зүүж байжээ. Улмаар ЗХУ-аас Хятад руу хүргэгдэхдээ тухайн үеийн орос хэлмэрчдээ бугуйн цаг, үзэг зэргээ өгсөн бөгөөд уг хэлмэрч хэдэн жилийн дараа түүнийг Европын нэгэн цуглуулагчдад худалдсан байна. Энэхүү цагийн гарал үүслийг тодорхойлох, түүхийг судлахын тулд шинжээчид, түүхч, сэтгүүлчид, эрдэмтэд хамтран гурван жил ажиллаж эзэн хааны цаг мөн болохыг тогтоожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.