Япон хэлээр ажиллах хиймэл оюун бүтээнэ
Анд нөхдийн мэдээ
2023-05-23
Японы судалгааны баг "Фүгакү" сүпер компьютерийг ашиглан япон хэлэнд тусгайлан зориулсан хиймэл оюун хөгжүүлж байгаа тухай “Нихон Кэйзай” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Токиогийн Технологийн хүрээлэн, Тохокү их сургууль, Физик, химийн судалгааны хүрээлэн зэрэг хиймэл оюун ухааны судалгааны чиглэлээр Япон улсыг төлөөлж буй байгууллага, компаниуд хамтарч шинэ загварын хиймэл оюун ухааны үндсэн технологийг боловсруулж эхэлсэн байна. Судалгааны баг 2017 онд “Google”-ийн бүтээсэн хэл сурах алгоритмыг ашиглан цахим сүлжээнд буй япон хэлний үй олон өгөгдлийг хиймэл оюун ухаанд сургах ажээ. Ингэхдээ "Фүгакү" сүпер компьютерийг ашиглан харьцангуй богино хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Улмаар энэ онд багтаан үндсэн технологийг боловсруулж дуусгаад, ирэх оноос дотоодын компаниудад үнэ төлбөргүй олгохоор болжээ. Судалгааны багийнхан "OpenAI-ийн “ChatGPT” гэх мэт одоо байгаа хиймэл оюун ухаан нь сургалтанд англи хэл дээрх өгүүлбэрүүдийг ихээр ашигладаг тул япон хэлний нарийвчлал муу байна” гээд дотоодын хиймэл оюун ухааныг хөгжүүлэх замаар олон улсад өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготойгоо онцолсон байна. Тохокү их сургуулийн профессор Кэйсүкэ Сакагүчи “АНУ-д хэдхэн компани технологи эзэмшинэ гэдэг хүсмээр зүйл биш” гээд Японы хувьд янз бүрийн сорилтыг даван туулахын тулд технологийн аюулгүй байдлыг хангах нь чухал болохыг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.