images

Цахим сүлжээний ачаар эгч дүү хоёр 75 жилийн дараа биесээ олж уулзжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-22


     Энэтхэг улсын иргэн 81 настай эмэгтэй Махендра Каур олон жилийн өмнө салж сураггүй болсон эрэгтэй дүү Шэйх Абдул Азизийг Пакистан улсад амьдарч байгааг олж мэдэн 75 жилийн дараа уулзжээ. Тус хоёр улсын хооронд эвлэрэл бий болсноор, салж сарнисан ах дүү нарыг уулзуулахаар хоёр улсын хилийн Картарпур хотод зохион байгуулсан "Хайр энэрэл, энх тайван, уулзалт учрал" уриа бүхий арга хэмжээн дээр тэд уулзсан байна. Картарпур нь Пакистан дахь сикхүүдийн ариун дагшин газар бөгөөд Пакистаны ерөнхий сайд Имран Ханы санаачлагаар Энэтхэгтэй эвлэрэх дохио болгон 2019 оны 11 дүгээр сард нээсэн юм. Тус бүс нээгдсэнээр энэтхэгчүүд тус бүсэд визгүй зорчих боломжтой болжээ. 1947 онд Британийн колоничлолоос салж Энэтхэг, Пакистан хоёр улс тусгаар улс болох үед эгч нь Энэтхэгт үлдэж дүү нь Кашмир луу явж одсоноор тэд дахин уулзаж чадаагүй байсан байна. Саяхан эгч нь олон жилийн өмнө Пакистан улс тусгаарлах үеэр дүүгээсээ салсан эмгэнэлт явдлын тухай бичиж цахим сүлжээнд нийтэлснийг дүү нь олж харснаар тэд ийнхүү  уулзжээ. Олон жилийн дараа биесээ олж уулзсан эгч дүү хоёрт Картарпурын захиргаа цэцэг, чихэр бэлэглэж сайн сайхныг хүссэн байна. Тэд хамтдаа хооллож, дахин уулзсаны дурсгал болгон бэлэг солилцжээ. Эгч М.Каур нь Пакистаны Засгийн газарт талархал илэрхийлж, дүүтэйгээ дахин уулзсан нь Энэтхэг, Пакистаны хооронд удаан хугацаанд үргэлжилсэн хагарал арилах сайны дохио болно гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.