images

Ватиканы шуудангийн хороо Украинд зориулсан марк гаргав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-18


     Ватиканы шуудангийн хороо  Украинд энх тайван тогтохыг бэлэгдсэн шуудангийн марк гаргасан тухай “Vatican News” мэдээллээ. Тус шуудангийн хороо нийт зургаан шинэ марк гаргасан бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ромын пап лам Франциск Украины далбааг барин мэдэгдэл хийж байсан үеийн зураг бүхий марк мөн үүнд багтжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр буюу Оросууд Украин руу довтолсны хоёр дахь сарын лхагва гарагийн мөргөлийн үеэр пап лам энгийн иргэдийг хоморголон устгасан Украины Буча хотоос авчирсан далбааг өргөж байсан юм. Тэрбээр "Энэ далбааг дайны талбараас, тодруулбал, дайнд нэрвэгдсэн Буча хотоос авчирсан" гээд цугларсан олонд хандан, Бука хотод болсон хядлагыг буруушааж, энэ дайныг зогсоохыг уриалж байсан юм. Уг марк дээр пап ламын зургийн хамт "Украины ард түмэнтэй хамт" гэсэн үгсийг итали хэлээр бичжээ. Өөр нэг марк нь харилцан атгасан дөрвөн гарны дүрсэн дээр "Энх тайван бол хүн төрөлхтний хамгийн дээд үнэт зүйл" гэсэн бичээстэй бөгөөд Украинд энх тайвныг тогтоох хүслийг илэрхийлсэн хэмээн тус мэдээнд танилцуулсан байна. Ватикан улс нь 1929 онд Италитай Латераны гэрээ байгуулснаар тусгаар тогтносон улсын статустай болсон бөгөөд өөрийн шуудангийн албатай ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.